Музей ба хөгжил 2015 чуулга уулзалт

                         Монголын музейн байгууллага, музейчдын дунд уламжлал болгон зохион байгуулагдаг  Музей ба хөгжил чуулганы  2015 оны сургалт, спортын арга хэмжээг  Хархорум музей, Эрдэнэ Зуу музей  хамтран Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2015 оны 08 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд амжилттай  зохион байгууллаа.

Энэ удаагийн  чуулганаар  “Органик эд зүйлийн хадгалалт хамгаалалт”, “Цахим баримжуулалт”,  “Орхоны хөндийн судалгааны өнөөгийн үр дүн цаашдын хандлага” гэсэн  2 чиглэлээр  сургалт, уулзалт хуралдаан зохион байгуулагдаж,  Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,  улс, орон нутгийн чанартай 25 музей, Монгол, Герман, Япон улсын эрдэмтэн судлаачид  нийт  200 орчим  музейчид,  зочид төлөөлөгч оролцов.

Монгол улсын  эрдэмтэн доктор У.Эрдэнэбат, Герман улсын  эрдэмтэн доктор Кристина Франкен, БСШУЯ-ны Соёлын биет бус өвийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Цэндсүрэн, Германы MLU сургуулийн докторант О.Чимэдноров  уулзалт хуралдаанд илтгэл тавьж, Япон улсын  эрдэмтэн Тэцүо Шожи, Томоми Мураками, Нара их сургуулийн докторант М.Оюунтулга, П.Отгон нар сургалт удирдсан юм.

Сургалтын гол зорилго нь Орхоны хөндийд 2000 оноос дорвитой малтлага судалгааны явуулж  буй  Монгол- Германы  хамтарсан экспедицийн судалгааны ажлын үр дүнг нийтэд хүргэх, Соёлын өвийг цахимаар баримтжуулж хадгалах,  органик эд зүйлийг хадгалах, хамгаалах судлах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын судлаач, сан хөмрөгч  ажилтнуудыг Герман, Япон улсын   туршлагаас  суралцуулах, чадавхжуулахад  чиглэгдэв.

Цахим баримтжуулалт сургалтаар  Эрдэнэзуу хийдийн гол гурван зуугийн зүүн сүмийн дотор талыг FARO 3D SCAN аппарат ашиглан 3D SCAN хийж, өгөгдлийг ( DATA) боловсруулж 3D загвар хийх  дадлага  ажил  явуулав.

Хадгалалт хамгалалтын сургалтаар органик эдлэлийн технологи,  анхаарах зүйл, баримтжуулалт, тээвэрлэлт, сэргээн засварлах төлөвлөгөө гаргах онолын хичээл, органик (мод, даавуу, метал зэрэг) эд зүйлийг урт удаан хугацаанд өөрчлөлт оруулахгүйгээр хадгалж хамгаалах зориулалтын  модны нас тогтоох бодис, даавуун эдлэлийг хадгалж хамгаалах (RP-A) хүчилтөрөгч болон чийг сорогчбодис,  хүчилтөрөгч болон чийг сорогчгүй  төмөрлөг эдлэл ба цахилгаан барааг  хадгалах хамгаалах зориулалтын  (RP-K) бодисыг хэрхэн ашиглах   дадлага  ажил хийгдэв.

 

           

Музей ба хөгжил 2015 чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан  гар бөмбөгийн нөхөрсөг тоглолтод 16 баг хурд хүчээ сорьсноос тэргүүн байрыг  Хархорум музейн баг тамирчид эзлэн шилжин явах цомоо үүрд хадгалан авч үлдэв. Дэд байрыг Төв аймгийн музейн баг тамирчид, Гутгаар байрыг Эрдэнэ Зуу музейн баг тамирчид тус тус эзэллээ.

Дартсын тэмцээнд (Эмэгтэй төрөл) БСШУЯ,  Чойжин ламын сүм музей, Завхан аймгийн музей, (Эрэгтэй төрөл) Архангай аймгийн музей, Байгалийн түүхийн музей, Монгол цэргийн музейн  тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

          

Арга хэмжээ зочид, төлөөлөгчдөд   Хархорин хотын  Хаадын хөшөө - Эрдэнэ Зуу музей - Хархорум музей - Мэлхийт толгойн тогос ордны туурь- Хархорум хотын туурь Уйгурын нийслэл Хар балгас хотын туурь зэрэг дурсгалт газруудыг танилцуулах   аялалаар  өндөрлөв.

             

Музей ба хөгжил -2015 чуулган  онол практикийг хослуулсан, судалгааны  үр дүнг хэлэлцсэн, гадаадын эрдэмтдийн туршлагаас суралцсан, музейн хамт олны нөхөрсөг  бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлсэн  ач холбогдолтой, үр дүнтэй сургалт боллоо.