• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Хархорум музейд хадгалагдаж буй шаазан аяганууд

Монголоос олддог хуучин шаазангийн дотор Сүн, Ляо улсын болон Юан гүрний үеийн эдлэлүүд зонхилдог байна. Тухайлбал Их монгол улсын нийслэл Хархорум хотоос археологийн малтлагаар олдсон шаазанг үзвэл Яожоу, Лунцюань, Чинбай, Цыжоу, Жүн, Дэхуа, Дин, Рү яо гэх зэрэг олон төрөл байх бөгөөд Селадон зэрэг үнэтэй шаазанг хятадаас тээвэрлэн авч ирдэг байжээ. 

Шаазан эдлэлийн хөгжлийн түүх эртний хятад оронтой салшгүй холбоотой бөгөөд “China” гэдэг үгийг хүртэл “шаазан хэмээх утгатай гэж зарим судлаачид үздэг. Хятадад шаазан гараад 2000 гаруй жил болсон боловч чухамхүү жинхэнэ шаазан буюу гангар шаазанг Сүн / 960-1265/ улсын үеэс үйлдвэрлэх болжээ. Энэ үед өмнөх бүх үеийг бодвол шаазангийн үйлдвэрлэл маш түргэн хөгжжээ. Үүний гол шалтгаан нь үүнээс өмнөх үеийн гоёл чимэглэлийн гол материал болох алт, мөнгөн эдлэл Сүн улсын үеэс нэн ховордож хүмүүс гоёл чимэглэл, эд хэрэгсэлийн анхаарлаа шаазан эдлэлд хандуулсан байна. Ингэснээр улсын хэмжээгээр шаазан шатаах зуух барих ажил өрсөлдөөнтэй болсны үр дүнд Дин яо ши, Рү яо, Гө яо, Хуй жү яо, Жүн яо, Жиан яо гэх мэт олон төрлийн шаазан шатаах зуух гарсан байна [Болдхуяг, 2004235]. Хятадын эртний шаазан дотроо олон төрөл бөгөөд ихэвчлэн олдсон нутаг, хийсэн газрынхаа /зуух/ нэрээр нэрлэгддэг байна. 

 

Шаазангийн зөөлөн биеийг эхлээд 600с-700с хэмд шатааж хатууруулаад, зурж чимэглэн дахин шатаана. “Шаазан” хэмээх үгийг Я.Цэвэлийн”Монгол хэлний товч тайлбар толь”-д “Элс шавар зэргийг боловсруулж хийсэн эд хэрэгсэл” хэмээн тодорхойлсон байдаг [Цэвэл,1966;825].бол Хятадын судлаач Ли гуан нин  “Коа лин, Ма- Цан- Тү, Цзы- ши, Гү- Тү- Куань гэх мэт тусгай олон найрлага бүхий шороог сайтар нунтаглан 1200 хэмээс дээш халуунд  шатааж хийдэг хэмээсэн байдаг[Болдхуяг,2004;236].Шаазан нь ваарыг бодвол нягтаршил сайтай, ус уудаггүй. Шаазангийн гадаргууд шил будгаар паалан тавих ба цохиж дэлдэх үед маш тод дуу гардаг хэмээн тодорхойлжээ.  Хаад язгууртанд зориулсан үнэт шаазанг зуухан дотор нарийн ширхэгтэй элс дэвсэж нэг, нэгээр нь шатаах ба мөн гурван хадас тавьж шатаана. Заримдаа ёроолд нь төмөр цагираг бэхлэж шаазангаа болгоно.

Монголоос олддог хуучин шаазангийн дотор Сүн, Ляо улсын болон Юан гүрний үеийн эдлэлүүд зонхилдог байна. Тухайлбал Их монгол улсын нийслэл Хархорум хотоос археологийн малтлагаар олдсон шаазанг үзвэл Яожоу, Лунцюань, Чинбай, Цыжоу, Жүн, Дэхуа, Дин, Рү яо гэх зэрэг олон төрөл байх бөгөөд Селадон зэрэг үнэтэй шаазанг хятадаас тээвэрлэн авч ирдэг байжээ.

Энэ удаад бид Хархорум музейд хадгалагдаж буй найман ширхэг  шаазан аяганы хэлбэр, хийц, он цагийн хамаадалын талаар өгүүлэхийг зорьж байна.· 

Монгол-Германы Хамтарсан Экспедицийн 1999 оны Хархорум хотын тууринд хийсэн археологийн малтлагаар илэрсэн. Он цагийн хувьд Сүн улс (960-1279)-ын үед хамаарах, цижоу хийцийн аяга байна.

Шаргал өнгөтэй, том амсартай, ямар нэг зураг чимэглэлгүй. Бөөрнөөс доошхи хэсгийг пааландаагүй үлдээсэн байна. Ёроолд нь зориудаар гаргасан бололтой 0,5 см-ийн голчтой жижиг нүх цоолсон, мөн дотор талын ёроолд 7 жижиг пааландаагүй  хэсэг байна. Энэ нь аягыг шатаахдаа олноор давхарлан өрж шатааж байсаны мөр гэж судлаачид үздэг байна.

Хэмжээ: Өн-8см,голч/амсарын/22см, голч/ёроолын/ 8,5 см/.

Монгол-Германы Хамтарсан экспедицийн 1999 оны Хархорум хотын тууринд хийсэн археологийн малтлагаар олдсон, шаанзан нь он [Баяр,Эрдэнэбат, 1999] цагийн хувьд Өмнөд сүн улс (1127-1279)-ын үед хамаарах, Чинбай хийцийн шаазан. Цайвар цэнхэр өнгийн, долгио амсартай, хагархай боловч ёроол хэсэг нь бүтэн. Энэ аяганы гадаргуу нь гөлгөр бөгөөд  дотор талд ёроол хэсэгт жижиг дугуй тойрог, тойргийн гадна дахин том тойрог  гаргажээ. Ёроолоороо нилээд зузаан байснаа амсарлуугаа нимгэрсэн байна. Мөн босоо чигт цуурхай хагарал үүссэн байна. Хэмжээ: өн-4,7см,голч /амсарын/-11см, голч/ёроолын/-4 см. Чинбай ваар шаазанг Жиндэжэн буюу өнөөгийн Жанши мужид голлон хийдэг байв [Баркманн,Цэрэнпил,Сэлэнгэмөрөн нар,2005;186].

Монгол-Германы Хамтарсан Эксдедицийн малтлагаар Хархорум хотын тууриас олдсон. Энэ аяга он цагийн хувьд Сүн улс эсвэл Юань гүрний үеийн Дэхуа хийцтэй аж.

Шаргал өнгөтэй, элдэв толбогүй, дотор талд үзүүртэй зүйлээр хатгаж үзсэний ор мөр бололтой 4-5 хэсэг газар цэг маягийн зүйл байна. Мөн бага зэрэг өндөр суурьтай. Суурийн улыг пааландаагүй үлдээсэн байна. Үүнээс үзэхэд аягыг босоо тавин шатааж байсан  бололтой. Хэмжээ: өн-5,7 см, голч/ амсарын- 11 см, голч/ ёроолын/- 3,1 см.

Алдартай цагаан эдлэлүүдийн ихэнхийг Хэбэй муж дахь Дин яо шавар шатаах газруудад хийсэн байна. Дин эдлэлийг угтаа доош харуулан тавьж шатаагаад, пааландаагүй үлдсэн амсрын хэсгийг дараа нь нимгэн бөгжилдөг байжээ. Доош нь харуулан тавиад амсарыг нь бөгжилсөн дин эдлэлийн шаазан Францын Guimet-ийн музейд хадгалагдаж байдаг[Tang Ying`s Twenty illustration of the manufactures of porcelain” at the Settle Art Museum].

Энэ шаазан Хархорум хотын тууринаас 1978 онд  илэрсэн. Он цагийн хувьд Юань (1272-1368) гүрний үед хамаарах, Лунцюань хийцийн таваг.

Ногоон өнгөтэй паалантай, том амсартай, хавтгай хэлбэртэй тавгийг цайвар саарал  өнгийн шавраар хийж шатаасан. Тавагны амсар тэгш өнцөг үүсгэн гадагшаа эргэсэн бөгөөд усан туулайн бөөр (Eleocharis dulcis) гэдэг ургамлын хэлбэртэй аж. Тавагны дотор талын ёроолд бадам цэцгийн  цоморлиг сийлсэн байна. Суурийн улыг пааландаагүй үлдээсэн байна. Хэмжээ: Өн-6см, дм/ амсарын/-26,5 см, дм/ёроолын/- 10,7 см.

Юан гүрний үед нийтлэг байсан бөгөөд мөн тэр цагийн үүнтэй төстэй өөр нэг таваг Истанбуль хот дахь Топкапи сарай музейн сан хөмрөгт бий. Синаний ойролцоо живсэн усан онгоцноос ч дээрхтэй хэлбэр, чимэглэлийн хувьд ижил тавагнууд гарсан билээ.[Баркманн,Цэрэнпил,Сэлэнгэмөрөн нар,2010;189]

Монгол-Германы Хамтарсан Экспедицийн малтлагаар Хархорум хотын тууриас  илэрсэн. Энэ шаазан он цагийн хувьд Сүн улс эсвэл Юан гүрний үед хамааралтай бололтой, дэхуа хийцийн шаазан.

Шаргал өнгөтэй, гялалзсан шаравтар туяа бүхий тунгалаг паалантай, элдэв толбогүй. Аяганы хана  нимгэн бөгөөд амсрыг нь найман дэлбээт цэцэг мэт хийжээ. Хэмжээ: Өн-5,7 см, голч/амсарын/-11,2 см, голч /ёроолын/-3,1 см. Энэ хийц нь Тан улсын үеийн дөрвөн дэлбээт цоморлиг хэлбэрээс үүсэлтэй юм. Харин X-XI зуунд Умард Сүн улсын эхэн үед зургаан дэлбээтэй хэлбэр түгээмэл байжээ.

Монгол-Германы Хамтарсан Экспедицийн Хархорум хотын туурийн малтлагаас илэрсэн. Он цагийн хувьд Юан /1272-1368/ гүрний үед хамаарах, Чинбай хийцийн шаазан.

Цагаан цэнхэр өнгөтэй, нилээд цуурхай цав гарсан байна. Аяганы дотор талыг ороонгоор хүрээлж ёроолд нь галт сувд дүрсэлсэн байна. Аяганы гадна талд нь лянхуйн ороонго, мөн лянхуа хээтэй дөрвөлжин хүрээ байна. Хөх будгийг илүү нимгэн түрхсэн учираас өнгө нь ялимгүй цайвар, угаагдсан юм шиг болжээ. Хэмжээ: Өн-7 см, дм/ёроолын/-5,5см, дм/амсарын/-16,5 см.  Аяганы ёроолд дүрсэлсэн галт сувд нь 14-р зууны дундуур бүтээсэн Баодингийн ордноос олдсон таваг мөн Хар хотоос олдсон Өндөр суурьтай цагаан цэнхэр тавагтай ижил байна.[Баркманн,Цэрэнпил,Сэлэнгэмөрөн нар,2005;167]

Монгол-Германы Хамтарсан Экспедицийн Хархорум хотын туурийн малтлагаас илэрсэн бөгөөд он цагийн хувьд Сүн улс (960-1279)-ын үед хамаарах, цижоу хийцийн аяга аж.

Ногоон өнгийн паалантай, том амсартай, ямар нэгэн хээ чимэглэл үгүй, тал нь хагарсан байна. Аяганы гадна талд ёроол хэсэгт улаандуу өнгөтэй болсон. Хэвтээ зураасууд нь аягыг анх хэлбэрт оруулахдаа эргэлдүүлж хийсний ул мөр юм. Ёроолд нь жижиг нүх гарган цоолжээ. Аяганы гадна талд амсар орчим олон жижиг нарийн зураастай. Хэмжээ: Өн-8 см, дм /амсарын/-19 см, дм/ ёроолын/-6 см.

Монгол-Германы Хамтарсан Экспедицийн Хархорум хотын туурийн малтлагаас илэрсэн энэ шаазан нь он цагийн хувьд өмнөд Сүн улс/1127-1279/-ын үед хамаарах, Лунцюань хийцийн шаазан.

Хар ногоон өнгийн паалантай, саарал өнгийн шатаасан шавраар хийжээ. Пааландаагүй үлдээсэн суурийг дотор гаднагүй цайвар улаанаар будсан нь паалан руу түрэн орсон байна. Аяганы гадна талд нь амсар ба суурийн орчмоор бүтэн тойрсон шугамууд татан чимсэн байна. Аяганы дотор талд мушгиран дугуйрсан зураасууд дүрсэлсэн нь өвсний ишбололтой.  Ёроолд нь нэгэн төрлийн сарнайн цэцэг, навчсыг дугуй хүрээнд зуржээ.Хэмжээ: Өн-8 см, дм/амсарын/-19 см, дм/ёроолын/-6 см.

Ийнхүү эртний хятадын шаазан эдлэлийн зүйлс  монголын эрт дундад үеийн хот суурин, тэр тусмаа Хархорум хотын тууринд хийсэн үе үеийн малтлага судалгаагаар олдож байгаа бөгөөд он цагийн хувьд ихэвчлэн Сүн улс Юань улсын үед хамаарах шаазангууд Хархорумд хэрэглэгдэж байжээ. Хархорумд хэрэглэгдэж байсан тэдгээр шаазангуудын дотор Лунцюань хэмээх шаазан олон байсан нь малтлагаас олдсон олдворуудаас мэдэгдэж байна.

Ашигласан бүтээл

1. Археологийн судлал. БотьII(XXII).F.1-23.УБ. 2004

2.  Археологийн судлал.БoтьI(XXI).F.1-16УБ. 2003

3.  Археологийн судлал.Бoть(XIX).F.14. УБ. 2001

4.  Археологи, Антропологи, Угсаатан судлал.МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ. 2002.

5. Баяр.Д. Эрдэнэбат. У. Монгол-Германы хамтарсан Хархорум эксдепицийн 1999 оны тайлан

6. Баяр.Д,Сэр-Оджав.Д. Хархорум эксдепицийн 1979 оны тайлан

7. Баркманн.Б.Цэрэнпил.С.Сэлэнгэмөрөн.Ч. Чингис хаан ба түүний өв залгамжлагчидУБ. 2010

8. Цэвэл.Я.Монгол хэлний товч тайлбар толь.УБ.1966

9. Эрдэнэбат. У. Археологийн үндэс судалгааны арга зүй.УБ. 2012

10. www.chine ware.com

11. www.porcelain of China.соm

12. www.history of ceramic.com

Нэвтрэх

ЗОЧИН

1013083
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
404
150
404
4410
1013083
Таны IP: 54.80.33.183
Server Time: 2017-11-20 21:19:36

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808