• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Монгол нутгаас олдсон галбингын тухай

Баяннуурын Шороон бумбагараас илэрсэн галбинга

Проф А.Очироор удирдуулсан Монгол-Казахстаны хамтарсан судалгааны баг 2011 онд Булган аймгийн Баяннуур сумын нутаг Шороон бумбагар хэмээх газар малтлага  хийж томоохон бунхан нээн илрүүлсэн. Судлаачид тус бунхныг МЭ VII зууны сүүлч үед холбогдох хаан юм уу эсвэл эрх мэдэл бүхий язгууртанд зориулагдсан хэмээн үзэж байна[1]. Бунхнаас олон тооны ховор нандин эд өлгийн зүйлс илэрсний дотор модоор хийсэн галбинга хэмээх домгийн амьтны дүрс олдсон.

Модоор зорж хийсэн хоёр ширхэг галбингын их бие, 7 хэсэг болж хугарсан далавчны хамт олдсон. Зөөлөн хуш модны голоор ширхэгийн дагуу босоогоор нь хурц багажаар зорж хийсэн, бор шаргал өнгөтэй. Их бие, толгой, хөл, далавчийг тусад нь урлан хожим углуургадан залгасан байдалтай[2].   Их биед нөмрөг адил хувцас өмссөн мэт /хөгжмийн удирдаачын хувцастай мэт/ дүрсэлж, хар, улаан, ногоон өнгөөр алаглуулан будаж үүлэн хээгээр чимсэн ажээ. Тус олдворыг гол бунхан дахь авсны баруун талд тахилын зориулалттайгаар байрлуулсан байв.

Тодорхойлолт:

1. Галбингын их биений хэсэг /зураг 1/.

Өн-15 см, өр-5,5 см, зу-4 см. Модоор хэлбэр гарган зорж, сийлж хийсэн. Толгой гар, сүүл, хөл хугарч алга болсон. Модыг ширхэгийг нь дагуулан зорж хийн биеийг улаан, хар өнгөөр хээлэн чимжээ. Их биеийн урд хэсгээр хүзүүнээс хөлийг хүртэл 2 хэсэг хагас дугуйруулан голоор нь нийлүүлж ховил гаргасан нь ямар нэгэн хүрэм маягын өмсгөл өмссөн мэт харагдуулж байна. Ховилын ирмэгийг дагуулан улаанаар эмжиж будсан. Их биеийн хэсгийг нийтэд нь хар улаан өнгийн будгаар үүлэн хээ маягтай дугуйруулан хээлж чимсэн байна. Хоолой орчим 1,7х1,8 см хэсэгт хэнхдэг ил гарчээ. Шувууны толгой, хөл, гарыг залган нааж хийсэн байна. Биеийн хоёр талд далавч суулгах зориулалтай бололтой 2,5 см урт 0,6 см гүн ховил гаргажээ. Нуруун дээр у-3,5см, өр-1,4см, 0,7 см гүн ховил гарсан нь модны яр байгаад унасан байна.

2. Галбингын их биеийн хэсэг /зураг 2/.

Зу-3,8см, өргөн – 4,8см, өндөр-15 см. Модоор хэлбэр гарган зорж, сийлж хийсэн. Их биеийн урд хэсгээр хүзүүнээс хөлийг хүртэл 2 хэсэг хагас дугуйруулан голоор нь нийлүүлж ховил гаргасан нь ямар нэгэн хүрэм маягын өмсгөл өмссөн мэт харагдуулж байна. Ховилын ирмэгийг дагуулан улаанаар эмжиж будсан. Их биеийн хэсгийг нийтэд нь хар улаан өнгийн будгаар үүлэн хээ маягтай дугуйруулан хээлж чимсэн байна. Хоолой орчим 1,7х2,7 см хэсэгт хэнхдэг ил гарчээ. Шувууны толгой, хөл, гарыг залган нааж хийсэн байна. сүүл салж унахдаа хэсэг газарт хугарсан байна. Хөлийн ар талд улбар шар өнгийн будаг байгаа улаан шар өнгөөр ар хэсгийг будсан байсан бололтой. Биеийн хоёр талд далавч суулгах зориулалтай бололтой 2,5 см урт 0,6 см гүн ховил гаргажээ.

3. Далавчны хэсэг /зураг 3/.

У-10,4 см, өр-5,7см, зу-0,4 см. Модыг нимгэн хавтгай болгож далавчны үзүүрийн өдний хэсгийг сарвайлган дүрсэлсэн. Өдний хэсгийг цайвар ногоон өнгийн будгаар будаж хар будгаар хүрээлэн буджээ. Саравгар хэсгийн 2 нь үлдэж бусад нь хугарсан. Далавчны үзүүр болон угийн хэсгийг зааглаж цагаан будгаар хөндлөн будаж улаанаар 2 зэрэгцээ нарийн зураас гарган будсан байна. Далавчны уг хэсгийн хавтгай дээр  үүлэн хээг хар, улаан, ногооноор үелүүлэн будаж гаргасан байна. далавчны уг хэсгийн ирмэгийг их биенд суулгаж өгөх зориулалттайгаар нимгэн болгож зорж өгчээ.

4. Далавчны хэсэг /зураг 4/.

У-10,2 см, өр-4,9 см. Нимгэн хавтгай модон дээр далавчны дүрсийг гаргаж үзүүрийн өдний хэсгийг сарвайлган дүрсэлсэн. Өдний хэсгийг цайвар ногоон өнгийн будгаар будаж хараар хүрээлэн буджээ. Саравгар хэсгийн 2 нь үлдэж бусад нь хугарсан. Далавчны үзүүр болон угийн хэсгийг зааглаж цагаан будгаар хөндлөн будаж улаанаар 2 зэрэгцээ нарийн зураас гаргажээ. Далавчны уг хэсгийн хавтгай дээр  үүлэн хээг хар, улаан, ногооноор үелүүлэн будаж гаргасан байна. далавчны уг хэсгийн ирмэгийг их биенд суулгаж өгөх зориулалттайгаар нимгэн болгожээ.

5. Далавчны хэсэг /зураг 5/.

У-14см, өр-3,1см. Модыг нимгэн хавтгай болгож, хэлбэр оруулан сийлж, өнгө ялган будаж хээлэн хийжээ. Хээ нь арилж мэдэгдэхгүй болсон. 3 хэсэг салсныг нааж эвлүүлсэн. Хар улаан өнгийн будаг дөнгөж мэдэгдэж байгаа нь тус өнгөөр хээлэн будсан байсан бололтой. Далавчны үзүүрийн 2 саравгар хэсэг үлдсэн байна.

 6. Далавчны хэсэг /зураг 6/.

У-7 см, өр-5,6 см. Модыг нимгэн хавтгай болгож, хэлбэр оруулан сийлж, өнгө ялган будаж хээлэн хийжээ. Далавчны үзүүрийн өдийг дүрсэлсэн хэсэг. 4 ширхэг саравгар хэсэг үлджээ. Хэсэг тус бүрийг цайвар ногооноор будаж хар өнгөөр зураас татан хүрээлсэн байна. Саравгар хэсгүүдийн угт улаанаар нарийн зураас хөндлөн татсан байна.

7. Далавчны хэсэг /зураг 7/.

Өн-6,8см, өр-4,2 см. Далавчны угийн хавтгай хэсэг. Модыг нимгэн хавтгай болгож, хэлбэр оруулан сийлж, өнгө ялган будаж хээлэн хийжээ. Будаг нь ихэнх хэсэгтээ арилж хар, улаан өнгийн будаг үл мэдэг үлджээ. Ар тал улбар шар өнгийн будагтай мөн дээр нь жижиг даавууны өөдөс наалдсан байна.

 

 

8. Далавчны хэсэг /зураг 8/.

У-5,9см, өр-2,2 см. Модыг нимгэн хавтгай болгож, хэлбэр оруулан сийлж, өнгө ялган будаж хээлэн хийжээ. Далавчны үзүүрийн өдийг дүрсэлсэн хэсэг. 3 хэсэг салсныг нааж эвлүүлсэн. Ногоон будгаар будаж хараар хүрээлсэн. Ар тал улбар байсан бололтой бага зэрэг будаг үлджээ.

 

9. Далавчны хэсэг /зураг 9/.

У-3 см, өр-2,6 см. Модыг нимгэн хавтгай болгож, хэлбэр оруулан сийлж, өнгө ялган будаж хээлсэн далавчны хэсэг. Цайвар ногоон өнгөөр будаж хараар зураас татсан байна.

Шороон бумбагар бунхнаас илэрсэн тус модон дүрсүүд нь Энэтхэгээс гаралтай санскрит хэлээр Калавинка /kalavinka/ хэмээн нэрлэдэг, хүний толгой гар, цээжин биетэй, шувууны далавч, хөлтэй домгийн амьтны дүрстэй ижил байна. Калавинкын тухай мэдлэг бурханы шашинаар дамжин Монголд орж ирсэн гэх бөгөөд Монголд галбинга хэмээн нэрлэдэг. Монголчуудын ярилцдаг нэгэн домогт дэлхийн үүсэл галбинга шувуунаас эхлэлтэй тухай гардаг нь нэн эртнээс галбингын тухай мэддэг байсныг харуулж байна. 1300 гаруй жилийн өмнө үйлдсэн тус олдворыг нүүдэлчдийн уламжлалт хээ болох үүлэн хээгээр чимэглэсэн нь тухайн үеийн нүүдэлчин ард түмний соёлын онцлог тусгагдсан болохыг харуулах бодит гэрч болсон төдийгүй  оршуулгын зан үйл, бэлгэдэл зүйг тодруулахад тус дөхөм болох биет баримт боллоо. Бурханы шашинд галбинга нь  нас барсан хүний сүнсийг тэнгэрт элч төлөөлөгч болгон хүргэдэг, хойд насанд нь тэнгэрийн оронд дуулж, бүжиглэн цэнгүүлдэг гэж үздэг байна. Дэлхийн бусад орнуудын галбингаг бэлгэшээж, хэрэглэж байгаа байдлаас харахад ч галбинга нь бурханы шашины зан үйлтэй холбоотой болох нь мэдэгдэж байна. Иймээс тус олдвор нь МЭ VII-VIII зууны үед тухайн газар нутагт бурханы шашин дэлгэрч байсны гэрч нотолгоо гэж үзэж болохоор байна.

Монгол нутгаас илэрсэн бусад галбингын тухайд

Заамарын Шороон бумбагараас илэрсэн галбинга

2008 онд Төв аймгийн Заамар сумын нутаг Шороон бумбагар хэмээх газарт  Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбар Монгол Төвд Буддын судлалын хүрээлэнтэй хамтран малтлага судалгаа хийсэн байна. Малтлагын явцад  МЭ-ний 678 оны үед холбогдох Уйгур угсааны Пугу аймгийн эзэнд зориулсан бунхныг нээн илрүүлжээ[3].   Тус бунхнаас хүн толгойтой, шувуун цээжтэй модоор хийсэн галбингын дүрсүүд (зураг 10) олдсон[4] ба одоо Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.

Хархорум хотын туурь орчмоос илэрсэн галбинга

Монгол нутгаас анх 2005 онд Хархорум хотын туурь орчмоос шавраар хийсэн галбингын дүрс илэрсэн. Эдгээр олдвор Хархорум хотын их хэрмээс баруун урагш 3 орчим км зайтай, Орхон голын зүүн эргийн дэвсэгт, Хархорин сумын төвийн дундуур татсан сувгийн ойролцоох нэгэн овгор газар, өнгөн хөрснөөс доош хэдхэн см-ийн гүнд булаастай буюу хүн малын хөлөөр ил гарсан байдалтай байжээ. Улаан шаргал өнгийн шавраар хийж шатаан бэхжүүлжээ. Цээжин бие нь хүнийх, нуруу хэвлий, хөл тэргүүтэн бөгсөн бие нь шувууных мэт бөгөөд өд сөдийг тодорхой гаргажээ. Толгой хугарч алга болсон. Цээжин биедээ буддын шашны шавь хүний орхимж мэт хувцас эгэлдрэглэжээ. Хоёр гарын тохойг нугалан цээжний өмнө дугуй хэлбэртэй, тагтай бололтой тахилын савыг гарын алга шуун дээгүүр тохсон  алчууран дээр хоёр гардаж тэгшхэн барьсан[5]. Тус галбинга нь Баяннуурын шороон бумбагарын галбингаас дүрслэл, ур хийц, материал зэргээрээ ялгаатай байна.

Галбингаг дэлхий дахинд хэрэглэж ирсэн нь

Галбинга нь анх Энэтхэгийн Хиндү шашинаас гаралтай. Санскрит хэлээр Калавинка /kalavinka/ хэмээн нэрлэдэг. МЭӨ 150 онд зохиогдсон бурханы шашины зохиол болох “Лянхуа судар” /”Lotus sutra/”-д кимнара /kimnara/ хэмээн бичигдсэн байна. Ким+нара гэдэг нь кимпируша /Кimpirusha (Kim  (Is it human?) and + Purusha (Is it man?)/ гэдэг үгийн ким /kim/,`Базарваани /Narayana/ бурханы нэрийн  нара /nara/ нь хоёрын нийлбэр ажээ[6].

Галбинга нь бурханы шашины дэлгэрэлтийг   даган зүүн болон зүүн өмнөд Азийн орнууд тухайлбал Индонези, Тайланд, Төвд, Камбож, Солонгос, Япон, Хятад зэрэг орнуудаар ихэд тархжээ. Бурханы шашинт эдгээр улс үндэстэн бүр өөр өөрийн урлаг, уран сайхны сэтгэлгээ, гоо зүйн таашаалд нийцүүлэн цаг үе бүрт харилцан адилгүй дүрсэлж байв. Тухайлбал: сүм хийдийн ханан дээр, байшин барилгын гадна талд амьдралын ариун мод, үнэт эрдэнэстэй сав зэргийг харж хамгаалсан байдлаар, гартаа хөгжим, хундага, бумба  хэлбэрийн сав барьсан заримдаа юм бариагүйгээр дүрсэлсэн байдаг байна. Галбингын гарал үүсэл, түүх, нэрийн утга учир болон Азийн зарим оронд ямар дүрслэлтэйгээр хэрхэн хэрэглэж байснаас товч дурьдвал:

Энэтхэгээс олдсон галбинга

Галбингаг тэнгэрийн цэргүүд бөгөөд Буддаг аглагт даяан хийж байхад нь эргэж тойрч байдаг ба олон тэнгэрсүүдийн адил  Гималай ууланд амьдардаг гэж энэтхэгчүүд үздэг байна.  Бурханы шашины анхны зохиолуудын нэг МЭӨ 400 оны үед зохиосон Махабарата /Mahabharata/ сударт: “Киннари болон Киннара хэлсэн нь: “Бид үүрд хайрлах болно, цаашид ч хайрласаар байх болно. бид хэзээ ч салахгүй. Бид тэнгэрийн эхнэр, нөхрүүд: бид хэзээ ч эцэг, эх болохгүй. Бид биендээ хайртай байж, үүрд мөнх хайрлан тэврэлдэх болно. Сэтгэл татам байсан ч бидний дундуур хэн нэгэн орохыг бид зөвшөөрөхгүй. Бидний амьдрал бол үргэлж мөнхийн баяр цэнгэлтэй байх болно..”. хэмээсэн дуулал байдаг. Хос галбинга нь үүрд мөнхийн хайр, баяр цэнгэлийг бэлгэддэг байна.

Индонези

МЭ 8-р зууны үед хамаарах Индонезийн Ява арал дээрх Павон сүмийн ханан дээр эр, эм хос галбинга /зураг 11/ амьдралын ариун модыг хамгаалж буйг дүрсэлжээ. Эдгээр

Галбингыг үсээ овоолж чимэг зүүлтээр чимсэн, цээжин бие нүцгэн боловч мөн зүүлт чимгээр гоёсон байна. Эм Галбинга нь ямар нэгэн хөгжмийн зэмсэг гартаа барьсанаар дүрсэлжээ. Мөн Боробудур /Borobudur/, Мендут /Mendut/, Павон /Pawon/, Сари /Sari/, Прамбанан /Prambanan/ хийдүүдийн ханан дээр ч хос галбингаг амьдралын мод, заримдаа үнэт эрдэнэстэй савыг хамгаалж буйгаар дүрсэлсэн байдаг ажээ.

МЭ 8-р зууны үед холбогдох Боробудур /Borobudur/ сүмийн ханан дээр  хос галбингаг дүрсэлсэн байдаг. Энэхүү эртний товойлгосон дүрс нь Калпатару хэмээх нандин шүтээн болох амьдралын модыг хамгаалж байгаа хос галбингаг дүрсэлсэн байна. Хос Галбингын толгой цээжин биеийн өмсгөл зүүлт нь бурханы өмсгөлтэй төстэй ба сууж буй шувууны хэлбэртэй аж.

МЭ 900 оны үед холбогдох Индонезийн Ява арал дээр байдаг Боробудур сүмийн ханан дээр төвийлгөн хийсэн олон чимэглэл бурхадын дүрсүүд дотор зэрэгцэн зогссон хос Галбингыг дүрслэн үзүүлжээ. Галбингуудыг үсээ овоолон чимэглэл зүүсэн, цээж нүцгэн боловч хүзүү, гар, буглага зэрэгт зүүлт чимэг зэргийг зүүснээр дүрсэлжээ.

 

8-р зууны үеийн Санди Саригийн /Sandi Sari/ Буддын сүмийн ханан дээр товойлгон дүрсэлсэн хос галбинга нь шувууны далавчтай хүн маягаар дүрсэлсэн байна. Эдгээр нь европын орнуудын урлагт дүрсэлдэг сахиусан тэнгэр буюу анжелтэй илүү төстэй ажээ.

Япон

Галбингыг япончууд Каруобинга /Karyobinga/ хэмээн нэрлэдэг. Агаараар нисч, бүжиглэж дуулдаг тэнгэрийн амьтан гэж үздэг байна. Бусад орны адил хүн цээжтэй доод бие нь шувууных шиг дүрсэлдэг. Ихэвчлэн Буддын урлагт бөс даавуун дээр, хана, сүмийн чимэглэлд дүрсэлсэн байдаг байна.

МЭ 1603 онд хамаарах Накаяамадера /Nakayamadera/ сүмд хавтгай модон дээр дүрслэгдсэн нисч буй эм Галбингын /зураг 12/ зураг хадгалагдан байдаг. Гоёмсог урт далавч, сүүлтэй үзэсгэлэнт эмэгтэй  ногоон улаан өнгийн урт нарийн бөсийг биеэр угалзруулан ороосон нь салхинд хийсэн дэрвэж байгаар дүрсэлжээ.

 

Японы Чусонжи /Chūsonjiсүмд хадгалагдаж буй каруобингаг /зураг 17/ бурханы чимэг зүүлт зүүсэн толгойны ард бурхадын ард дүрсэлсэн байдаг дугуй гэрэлтэй, сагсгар сүүл, богино далавчтай эрэгтэй хүний дүрслэлтэйгээр бүтээсэн байна.[7]

 

11-р зууны үед холбогдох Япон дахь Нарагийн үндэсний музейд  хадгалагдан буй ширэн дээр зурсан Галбингын /зураг 13/ нь цэцэг жимстэй модон дээр суусан өнгө бүрээр хосолсон гоёмсог далавчтай үзэсгэлэнт эмэгтэйн царайтай дүрсэлжээ[8].

 

 

 

Тангуд

XIII зууны үед Монголчуудын байлдан дагууллын улмаас сүйдсэнТангудын Хар хотын орчмоос олдсон бунхны ханын зурагт хос галбингаг (зураг 14)дүрсэлсэн байна. Тус ханын зураг дахь галбинга нь богино хөлтэй сууж буй шувууны хэлбэртэй цээжин биеийг бурханлиг хэлбэртэйгээр дүрсэлжээ.

 

 

 

Мянмар

 

Мянмар /Myanmar/ улсын Баган /Bagan/ дахь сүмүүдээс галбингын дүрслэлүүд ихээр олддогын нэг жишээ нь Бурхан багшийн хөлийн улан дахь дүрслэл юм. Бурхан багшийн хөлийн уланд нийт 108 тамга тэмдэг байдаг. Тэдгээрийн нэг нь галбинга (зураг 15) байдаг ажээ.

 

 

Төвд

Төвдөд галбингаг кимнара хэмээн нэрлэдэг. XVI зууны үе, Төвд, Хизанг /Xizang/-аас олдсон кимнара нь зэсийн хайлшаар хөөж хийсэн сууж буй шувууны хэлбэртэй бурханлиг дүртэй үзэсгэлэнт эмэгтэй хүний дүрслэлтэй (зураг 16) аж. Зүүн гараа өргөж, баруун гараа ташаандаа авсан. Дугуйрч толгойныхоо оройг хүрсэн сагсгар том сүүлтэйгээр дүрсэлжээ.

 

 

Тайланд

2008 онд Тайландын Бангконгын санамЛуанг дахь ханхүү Галяана Ваданагын бунханд чимэг болгож эр галбингыг бүтээж гадна нь байрлуулсан байна. Тайландууд өөрсдийн итгэл үнэмшлийн онцлогийг тусган өөрчилж авсан байна. Тайланд киннари нь сахиусан тэнгэрийн хувцас өмссөн залуу эмэгтэйгээр дүрслэгджээ.

 

 

Солонгос

VII-VIII зууны үед Солонгосын Шила улсын үед баригдсан Каюань /Kaiyuan/ сүмийн дээврийн ваарыг галбингын (зураг 17дүрсээр чимэглэсэн байна. Тус нүүр вааран дээр цэх  зогсож буй шувуун хөлтэй, далавчтай эмэгтэй хүнийг дүрсэлжээ.

 

 

ДҮГНЭЛТ

Галбинга нь Бурханы шашины гарал үүсэлтэй, хойд насны аз жаргалыг бэлгэддэг хагас хүн, хагас шувуун галбиртай домгийн амьтан юм. Бурханы шашины дэлгэрэлтийг даган зүүн болон зүүн өмнөд Азид ихэд тархсан. Орон орны галбингыг хэрэглэж байсан байдлаас харахад эр эм хосоор болон ганцаар байшин барилгын гадна, сүм болон бунхны хана, барилгын чимэглэлд хэрэглэж байсан ба одоо ч хэрэглэж байдаг байна.

Бэлгэдлийн хувьд зөвхөн диваажингийн дууч, хөгжимчин яруу сайхан хоолой, гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг болохоос гадна сүм ордон зэрэг ариун газар, ариун мод, үнэт эрдэнэс зэргийг харж хамгаалах давхар бэлгэдлээр хэрэглэдэг байсан бололтой. Бурханы шашинт орнуудын галбингын дүрслэл өөр хоорондоо адилгүй байгаа нь орон болгон өөрийн соёлын онцлогыг тусган авч хэрэглэсэн нь харагдаж байна.

МЭ VII зууны үед Монгол нутгаас олдсон галбингын дүрслэл бусад орнуудынхаас  дүрслэл, хийцийн хувьд онцлог бөгөөд нүүдэлчдийн соёлын онцлог тусгагдсан болох нь биен дээр дүрсэлсэн хээ, хэлбэр дүрсээс харагдаж байна. Баяннуураас олдсон галбинга нь тухайн үеийн нүүдэлчин түмний шашины байдал, соёлын нөлөө тусгал, бэлгэдэл зүйг тодруулах биет баримт, бодит гэрч болохын хувьд маш их ач холбогдолтой олдвор болсон юм.

 

 

 

Эх сурвалж:

· http://www.monheritage.mn/mn/news/NewsMore.aspx?ItemID=12

Түрэгийн үед холбогдох бунхны олдворуудыг сэргээн засварлах ажил явагдаж байна

· http://www.mminfo.mn/content/20723.shtml?alias=interview

А.Очир: Монголын археологчид дэлхийн төвшинд хүрсэн

· http://localnews.niigem.mn/content/17534.shtml

Түрэгийн үеийн олдворыг музейн сан хөмрөгт багтаав

· http://www.ardchilal.com/modules.php?name=News&file=article&sid=14883&catid=109

Шороон бумбагар бvтнээрээ байсан нь маш ховор тохиолдол

· http://www.news.mn/content/101779.shtml

Эртний нүүдэлчдийн урлаг, соёлтой танилцуулна

· http://www.zanabazarfam.mn/index.php?language=mongolian&section=exhibitions&page=past_exhibitions&item=discovery

“Түрэгийн үеийн шинэ дурсгалууд” үзэсгэлэн

· http://en.wikipedia.org/wiki/File:Kalpataru,_Kinnara-Kinnari,_Apsara-Devata,_Pawon_Temple.jpg

File:Kalpataru, Kinnara-Kinnari, Apsara-Devata, Pawon Temple.jpg

· http://www.onmarkproductions.com/html/hachi-bushu.shtml

Japanese Buddhist Statuary

· http://pt.wikipedia.org/wiki/Ficheiro:Kinnara_Chine_Guimet_21107.jpg

Ficheiro:Kinnara Chine Guimet 21107.jpg

· http://mahavidyayoga.blogspot.com/2011/07/bhairavi-stotra.html

Kinnara

· http://www.mukti4u2.dk/avantipur_temple.htm

Avantipur Temple, Kashmir

· http://www.asiafinest.com/forum/lofiversion/index.php/t107794.html

Full Version: Beautiful Ancient Temples of Indonesia

· http://members.virtualtourist.com/m/p/m/148fcd/

From manohara to amanjiwo: "choose by your own"

· http://en.wikipedia.org/wiki/File:Kinnari_at_Phra_Meru_of_HRH_Princess_Galyani_Vadhana.jpg

File:Kinnari at Phra Meru of HRH Princess Galyani Vadhana.jpg

НОМ ЗҮЙ

1. Д.Баяр. “Хархорум хотоос олдсон шавар баримал хүний дүрс”, Археологийн судлал, Улаанбаатар 2007 он, 232-332-р тал

2. Монгол нутаг дахь “Эртний Түрэгийн өв” төслийн 2011 оны археологийн малтлага, судалгааны Монголын урьдчилсан тайлан, 2012. ШУА-ийн Түүхийн Хзрээлэнгийн номын сан, гар бичмэл

3. МАНАЙ МОНГОЛ шинжлэх ухаан танин-мэдэхүйн сэтгүүл №2, 2006 он, 58-64-р тал

4. Саран.С, Вагнер Г.А, Баяр Д, Галбаатар Д. “Монголын эртний нийслэл Хархорумд барилгын материал үйлдвэрлэл хөгжсөн түүх”, Археологийн судлал, Улаанбаатар 2005 он, 190-195-р тал

5. Ханс-Георг Хюттель/У.Эрдэнэбат. -Харбалгас ба Хархорум- Орхоны хөндий дэх хожуу нүүдэлчдийн суурьшмал хоёр хот, Улаанбаатар 2009 он

6. Цэвээндорж.Д. Монголын археологийн судалгаа, боть IV, Улаанбаатар 2009 он, 334-341-р тал

7. Чингис хаан ба түүнийг залгамжлагчид, Улаанбаатар 2010 он, 138-195-р тал

А.Очир..., Эртний нүүдэлчдийн бунхант булшны малтлага судалгаа. УБ 2013 он. 198-р тал



[1] Монгол нутаг дахь “Эртний Түрэгийн өв” төслийн 2011 оны археологийн малтлага, судалгааны Монголын урьдчилсан тайлан, 2012. ШУА-ийн Түүхийн Хзрээлэнгийн номын сан, гар бичмэл

[2] Эртний нүүдэлчдийн бунхант булшны малтлага судалгаа. УБ 2013. А.Очир..., 198-р тал

[3] http://www.monheritage.mn/mn/news/NewsMore.aspx?ItemID=12

[4] http://archeology-sos.Blogspot.com

[5] Цэвээндорж.Д “Монголын археологийн судалгаа”  боть VI, Улаанбаатар хот 2009 он, 334-335-р тал

[6] http://www.dopotopa.com/lang1/kimnaras_and_kimpurushas.html

[8] http://www.onmarkproductions.com/html/tamonten.html

Нэвтрэх

ЗОЧИН

1013080
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
401
150
401
4407
1013080
Таны IP: 54.80.33.183
Server Time: 2017-11-20 21:18:34

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808