Хархорумын орчим дахь Монголын үеийн булш оршуулга

1964 онд археологич Н.Сэр-Оджав Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Мойлтын аманд гурван булш малтан 65 см урт үйсэн хоромсого, төмөр зэв олсны зэрэгцээ Хархорум хотыг малтахад гарсантай ижил паалантай шаазангийн хагархай олжээ. Ийнхүү булшнаас тухайн үеийн Монголын хот суурины хэрэглэгдэхүүн анх олдсоноороо онцлог бөгөөд малтлагын тухай товч тэмдэглэлийг 1965 онд хавсралт зураггүй нийтэлжээ.

1972 онд Монгол-Зөвлөлтийн түүх-соёлын хамтарсан экспедици (В.В. Волков) Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд багийн нутаг Бага Тэвш ууланд 13-15 дугаар зууны үед холбогдох хоёр монгол булш малтсан байна. Энд малтсан нэгэн эмэгтэйн оршуулганаас торгоны тасархай, усны шувуудын дүрстэй хүрэл толь, төмөр хайч, модон самны үлдэгдэл, амсрын хэсэгтээ хээ угалз бүхий бүтэн мөнгөн аяга зэрэг ховор олдворын зүйл гарсан ажээ Гэвч булшны материалыг нийтлээгүй бөгөөд зарим олдворууд хаа байгаа нь одоо тодорхойгүй болжээ.

 

1976-1980 оны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт ажилласан БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн археологийн шинжилгээний анги (Н.Сэр-Оджав, Д.Баяр) Их Монгол улсын нийслэл Хархорум хотын шороон хэрмийн баруун хойд өнцөгт орших дөрвөлжин далан хэрэм бүхий оршуулгын газрын нэг хэсгийг малтан шинжилж, нийт 37 хүний булш илрүүлэн олжээ. Эндхийн оршуулгын зан үйл нь тэр үеийн монголчуудын булш оршуулгаас эрс өөр байдалтай бөгөөд ямарваа нэг эд өлгийн зүйл дагалдуулан хийгээгүй, ясны байрлал зэрэг нь Алтан ордны улсын Шинэ Сарай зэрэг газрын малтлагаас олдсон лалын шашинт иргэдийн булшныхтай ижил байжээ.

1978 онд МЗТСХЭ-ийн хүрэл, төмрийн дурсгал судлах анги (Д. Наваан) Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мойлтын аманд нэг монгол булш, 1979 онд МЗТСХЭ-ийн хуучин чулуун зэвсэг судлах анги (Д. Цэвээндорж, Ю.С. Худяков нар) Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Бага Арцатын аманд нэг булш малтаж материалыг 1986 онд нийтлэжээ.

1980 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажилласан МЗТСХЭ-ийн судлаачид (Д.Баяр, Г.Мэнэс, В.Е.Войтов) Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэрт орших Халхын Өндөр гэгээн Занабазарын эх Ханджамц хатны дурсгалд зориулан босгосон суварганы баруун хажууд байсан нэгэн булшийг малтаж эмэгтэй хүний оршуулганаас үйсэн богтаг малгай, алтан ээмэг, шавраар хийсэн ээрүүлийн дунгуй, төмөр хутга, найман талтай хүрэл товруу, ширэн гутлын үлдэгдэл зэрэг сонирхолтой олдворууд илрүүлсэн байна. Үүний зэрэгцээ, судалгааны явцад Эрдэнэ Зуу хийдээс чанх урагш 1 км зайтай орших, орой дээрээ эртний хэрэмт барилгын үлдэгдэл бүхий Маамуу толгой (одоо Мэлхийт толгой гэх болжээ) хэмээх газар санамсаргүй тохиолдлоор илэрч мэдэгдсэн нэгэн булшийг малтан шинжилж, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна.

1989 онд Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсайхан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон голын баруун эрэг Нарийны ам хэмээх газар нэгэн булш малтан судалжээ. Энд малтсан монгол булшны нүхний баруун ханыг хөндийлөн ухаж, нууцлан оршуулга үйлдсэн бөгөөд хонины шагай чөмөг, нурууны яс, үйсэн богтаг малгайн үлдэгдэл, хүрэл ээмэг, тогооны хагархай, төмөр хутга, хумьж хэлбэргүй болгосон төмөр шанага зэрэг зүйл дагалдуулсан байв. Булшны малтлагын товч тайланг Д.Эрдэнэбаатар 1994 онд хавсралт зураггүй нийтэлжээ.