Эрдэнэ зуугийн эрлэгийн цам

VIII зууны үед Төвдийн Самьяа хийд байгуулагдаж байх үед байгалийн элдэв гамшиг гарч хүн, амьтан дунд өвчин тахал дэлгэрч муу хүч, ад зэтгэр, барцад саад их гарсанд тэр үед амьдарч байсан Энэтхэгийн их бүтээлчин Бадамжунайг урин залж баг хувцас сэлтийг хэрэглэн тантрын үүднээс цамыг зохиож хүчтэй хариулга үйлдэн хар хүчийг дарснаар цам анхлан үүсчээ.

Цамын цаад утга санаа нь амар амгалан аз жаргал, гэгээрэлд хүрэхэд саад тотгор болдог мунхаг шуналаас үүдэлтэй ад зэтгэр зэрэг муу хүчийг дарахын тухайд юм. Цам бүжиглэх лам нь хэдэн сарын турш очирт хөлгөний үүднээс эрх авшиг авч бүжиглэх сахиусаа амилуулан бясалгадаг бөгөөд цам бүжиглэхдээ тусгай гортиг хүрээн дотор гар хөлийн хөдөлгөөн бүрт номын дагуу бясалган бүжиглэдэг болохоор дотооод бясалгалын бүжиг юм.

 

Монголд анхлан Эрдэнэ Зуу хийдэд цам бүжгийг Зуугийн Цорж Лувсандагвадаржаа өөрийн шавь Их хүрээний төвд унзад аграмба Сэнгэравдангийн хамт төвдийн намжил дацангийн цамаас эх авч Хөх хотын урлаач Доржоор удирдуулан Монголын олон урлаач нараар хоёр сар гаруй цамын хувцас баг чимэглэл зэргийг урлуулан 1786 онд анхлан дэглэжээ. Энэ нь их хүрээнд цам дэглэхээс дөчин жилийн өмөнө юм. Эрдэнэ Зуугийн цамын бүжгийн онцлог нь Гомбогүр сахиусын 28 цамаар голлон бүжиглэдэг бөгөөд Жаажин цэрэг буюу хорь орчим энгийн хар хүн бүжиглэдэг мөн хөх өвгөн шар өвгөн, цагаан өвгөн гэж гурван өвгөн бүжиглэдэг зэргээрээ бусад хийдүүдийн цамаас ялгаатай.