Цамын үүсэл гарал, домог

Энэтхэгийн бурханы шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай "Цам", "Гарчам" хэмээн нэрлэгдсэн шарын шашны багт бүжгийн зүйл 8-р зууны сүүлийн мөчлөгөөс Төвдөд, 18-р зууны дунд үеэс Монгол газарт дэлгэрчээ.

Цамын холбогдох эх сурвалжууд болон цамыг судалсан эрдэмтдийн зохиол бүтээлд эл багт бүжгийн үүслийн тухайд өгүүлснээс дурдвал: 

  1. Энэтхэгээс Бадма Самбава гэдэг хүний авчирч түгээсэн Буддын пантомим ба эрт цагт Төвдөд байсан бөөгийн ид шидийн бүжиг 2-ын нэгдлээс цам үүссэн.
  2. Бурханы шашны улааны чиглэлийн алдарт тарничин Ловон Бадамжунайн төвдөд залагдаж, 775 онд Самъяа хийдийн яндар дэвсгэрийг тавихийн үест тэндхийн газрын лус савдаг болон хүн бусын хар хүчний зүгээс элдэв саад тотгор учруулсанд тэдгээрийг номхотгон засах "Жахар" цамын зан үйлийг үйлдсэн нь Төвдөд цам дэлгэрэхийн эхэн үүсэл болсон.
  3. Монголч эрдэмтэн Н. Шастина өгүүлэлдээ нэгэн сонин домгийг тэмдэглэсэн байдаг. Энэ нь IX зууны үед амьдарч байсан Төвдийн "Ландрам" (841-901) хаан бөөгийн шүтлэгийг дээдлэн бишрэгч байсан ба Төвдөд буддизмыг дэлгэрүүлэхийн эсрэг хүчтэй тэмцэгч байжээ. Түүний хаанчлалын жилүүдэд сүм хийдүүдийг хайр найргүй эвдлэн сүйтгэж, хийдэд шавилан суугч лам нарын шахан хавчих болсон тул хуврагууд хад агуйд даяанчлан суух болж долоон түмэн хуврагаас долоохон үлдсэн гэлцдэг. Ийнхүү тэрээр ард олонд маш их зовлон учруулсанд тэр харгис хааныг Лхалхүмбалдорж хэмээх нэгэн чойжин устгажээ. Үүний тулд тэрээр хар цагаан 2 өнгийн дотор гадартай, уужим өргөн ханцуйтай, гоёмсог дээл хувцас хийж өмсөөд, нум сумаа ханцуйдаа далдалж, цагаан морийг цоохор болгон будаж унаад, хааны ордны зүг явжээ. Ордны гадна очоод элдэв уран хөдөлгөөнийг үзүүлэн цамнан харайж бүжсэнд хаан ихэд сонирхон үзэхээр гарч ирэхэд нь бүжиглэх зуураа нэг ханцуйнаасаа нумаа, нөгөөгөөсөө сумаа аван онилж, хааныг харван хөнөөгөөд цагаан дээлээ эргүүлэн хар болгон өмсөж, усан дундуур давхин гарч, морио цагаан болгон зүсийг нь хувиргаад, мөрдөгчдөөсөө зугтан, уул хаданд оргон зайлж даян хийн суух болсон. Үүнээс хойш шашны дайсныг номхотгон дарах утга бүхий цамын бүжиг тоглогдох болсон гэдэг.
  1. Монгол цам анх аль хийдэд тоглогдож, улмаар бусад олон хүрээ хийдэд түгэн дэлгэрсэн тухайд судалгаа шинжилгээний зохиол бүтээл ба эх сурвалжуудад дурдсан баримт сэлт ихэнхдээ тохирч байна. Анх 1756 онд шарын шашны хамгийн эртний хийд болох Эрдэнэзууд цам тоглогдсон ба үүний жишээгээр бусад олон сүм хийдүүд цамтай болсон байна. Гэвч үүнийг зөвхөн Төв халхын харъяалал дэхь сүм хийдүүдийн хүрээнд авч үзэх нь зүйтэй санагдана. Учир нь үүнээс бараг хагас зууны өмнө буюу 63 жилийн өмнө 1723 онд Ойрадын зүүнгарын хаант улсад цагаан сарын өмнөхөн цам тоглогдсон тухай баримт байна. Үүнийг Зүүнгарын хаан Цэвээнравдангийн дэргэд 2 жил амьдарсан оросын элч Иван Унковскийн өөрийн өдрийн тэмдэглэлдээ бичжээ. Иймээс нийт Монгол туургатны хүрээнд хамгийн анх цам тоглогдсон тухай авч үзвэл 18 зууны эхээр гэж үзэж болно.

Харин шашин номын гол дэг жаягийг тогтоож байсан хамгийн нөлөө бүхий томоохон төв болох Халхын их хүрээнд анх 16-р жарны төмөр хонин жил буюу европын он тооллоор 1811 онд 4-р Жавзандамба хутагтын (1755-1813) үед "Жахар" цамыг тоглуулжээ. Хүрээ цамын баг хувцас, дэгийг 5-р далай ламын зохиосон уг журмаар Төвдийн Дашлхүмбэ хийдээс дэглэсэн гэх бөгөөд харин цамын хамгийн нарийн нандин нууц холбогдол бүхий "Дансранжамцын гарчим" гэдэг номыг гаргаж өгсөнгүй гэсэн яриатай байжээ. Харин тэрхүү нууц номыг тэр үеийн хүрээний 12-р их хамба Жадрын Хайдав хамба гэгч монгол хүн хийснийг Түвдийн мэргэчүүлийн хийсэн тэр номноос хол зөрөөгүй болсон гэдэг домогтой. Эрдэнэзуугийн цамыг дэглэхэд их хүрээний төвд унзад, аграмба гэлэн Сэнгэравдан "Номыг тэтгэгч нийтийн гайс хийгээд балингийн үүднээс шашны дайсныг гэсгээх цамын гол оршив" хэмээх гарын авлагыг зохиосон гэдэг. Эндээс үзвэл Төвдийн Дашлхүмбэ, Монголын Эрдэнэзуу хийд, Их хүрээний цамын уг гарал нэг боловч цагийн урт хугацааны явцад орон нутгийн ахуй нөхцлөөр баяжигдан, тооны олон цөөн хийгээд тогтоож дэглэсэн ёс горим нь өөр өөр болсон байн