Цамын баг

Цамын баг нь догшид бурхад хийгээд уул усны лус савдаг зэргийн төрх байдлыг дүрслэн харуулах хамгийн гол хэрэгсэл болно.Шашны номлолд 4 үйлс гэж алдаршсан Шижайбандагийнлай гэх буюу амирлуулагч, дэлгэрүүлэгч, эрхэнд оруулагч, хатуу ширүүн гэсэн 4 их үйлсийг бүтээгч бурхад нь тус тусдаа өнгө байдал, үүрэг чиглэл нь өөр, жишээлбэл: өвчин саад зэтгэрийг амирлуулагч бурхад нь цагаан өнгөтэй, нас буян эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэгч бурхад шар өнгөтэй, ертөнцийн эд баялаг, эр эмийг эрхэнд хураан үйлдэгч бурхад нь улаан өнгөтэй, зөөлнөөр эс дийлдэх дайсан, тэрсүүдийг дарагч бурхад нь хар өнгөтэй байна.

Цамын багийг урлахдаа эдгээр өнгийг болон бурхан бүтээх тиг хэмжээ, тогтсон ёс, журмыг баримтлан бүтээж байжээ. Догшидын багийн тэргүүнд баатрын дуулга өмсгөн магнайд нь нар, сар дүрслэн, дуулганы хөвөөгөөр нүүрэн талд таван хохимой толгойн дүрс урладаг. Энэ таван хохимойн дүрс нь цаглашгүй таван муу хор уур хилэн,

мунхаг харанхуй, шунал тачаал, омог бардам, атаа жөтөө зэргийг номхотгон дарж ялсны билэгдэл ажээ. Харин дөлгөөн дүрт бурхдын багийн тэргүүнийг дөлгөөн царайтай хийж оройд нь 5 тал норвоор чимэг хийсэн байдаг.Багийн чихэнд голдуу ээмэг зүүдэг ба түүнийг алтлаг шармал өнгөтэй хийнэ.2 чихний араас гоёмсог хатгамалтай бүчин шавдан унжуулдаг.

Цамын багийг тусгай мэргэшсэн урчууд хийх ба энэ нь урт удаан хугацааны бэрх, хүнд хэцүү үйл явц юм.Арга нь эхлээд мод юм уу шавраар баримал барьж түүнээсээ хэв авна.Үүний дараа тэр хэвэн дээрээ даавуу ба нимгэн нойтон цаасыг олон давхарлан нааж шуугаад дараа нь зүлгэж өнгөлөх, будаж бэхжүүлэх, засал гоёл чимэглэлийн нарийн ажиллагааг хийнэ. Эцэст нь бэлэн болсон багийг будаад, алтдан ариутган сүншиглэдэг байна.Төвдөд цамын багийг цаас болон даавуугаар эсвэл зэсээр урлаж байсан бол бурхны шашинтай Балба, Бутан зэрэг газарт модоор урлаж байжээ. Багийн үс ихэвчлэн хар улаан байх ба үсийг сарлагийн савгаар хийнэ. Амьтны дүрст баг бол тэр амьтныхаа төрх тухайлбал, эвэр, ам, хамар зэргийг дуурайсан байх ба уур амьтныхаа өнгөтэй ижил үслэг эдэн өмсгөлтэй байна.

Монголд цамын багийг урлаж байсан тухай ном зохиолд тэмдэглэснээс үзвэл зөвхөн Их хүрээнд гэхэд:

  • Баргын аймгийн нэртэй зураач, барималч чамбон Пунцаг-Осор.
  • Намдлингийн аймгийн цогчин гэсгүй Ёндон
  • Дарь эхийн “Ачит” Самдан зэрэг чамбонгууд ба
  • Хүрээний их зураач Зоогой аймгийн Жүгдэр
  • Номчийн аймгийн өндөр бурханч, алдарт лавчин Лувсанцэрэн
  • Зоогой аймгийн унзад зураач Гэндэндамба
  • Мөн аймгийн оёдолчин эхнэр Бадам
  • Сүнгийн аймгийн хатгамалч хүүхэн Долгорсүрэн зэрэг олон алдартай урчууд цамын баг өмсгөлийг урлахад оролцож байсан бөгөөд одоогоос 80 гаруй жилийн өмнө чамбон Пунцаг-Осорын удирдлаган дор Хүрээ цам-ын хувцас хэрэглэлийг шинэтгэжээ.Шинэ багууд нь ерөнхийдөө машигар дөрвөлжин хэлбэртэй, тиг харьцааг зөв олсон, сахиус бурхан, хүн амьтдын дүрийг нарийн ялгаж гаргаж чадсан гэж судлаачид үнэлдэг.Ер нь манай урчууд Энэтхэг, Төвдийн цамын баг өмсгөл чимгийг яг хууллбарлалгүй бүтээлчээр хөгжүүлэн монгол хүний төрх байдал, өндөр нам, хөдөлгөөн зэрэгт зохицуулан элдэв хэрэглэгдхүүнээр баяжуулахын хамт ардын гар урлаг, гоёл чимэглэлийн урлагтай хослуулан хөгжүүлж чаджээ. Тухайлбал, цамын багийг зөвхөн лавчин цаасан шуумалаар урлаад зогсоогүй, алт мөнгөний уран дархны оролцоо, эрдэнийн чулуу, шүр, оюу, анар шигтгэсэн хөөмөл, хөөтүүр, цохимол, хазлага, сийлбэр, шармал зэрэг олон талын арга ажиллагааг хослуулан бүтээж байсан байна. Үүний жишээ болгон Жамсрангийн шүрэн багийг нэрлэж болох юм.Энэ багийг чамбон Пунцаг-Осор бүтээсэн бөгөөд цаасан шуумлын гадуур нүүрний мах булчингийн ширхэг дагуу 17000 ширхэг улаан шүр шигтгэн урлажээ.Үүний зэрэгцээ орон нутгийн сүм хийдүүдийн цамын баг нь хэлбэр хэмжээ, гоёл чимэглэл зэргээрээ ялгагдах болж, нутаг нутгийн урчуудын авъяас билэг, ур чадлыг илтгэн харуулж байсан байна.Жишээлбэл зөвхөн хэмжээнийхээ хувьд гэхэд Жанжин Чойрын сүмийн цамын баг нь хүний толгойд тохирсон, тийм ч том биш бөгөөд бүжиглэгч нь эргэн тойрноо нимгэн шилээр хийсэн нүдээр харж байсан бол Их хүрээний цамын баг нь бусдаас эрс ялгагдахаар том хэмжээтэй байжээ.Тэдгээр баг нь хүний толгойн хэмжээнээс даруй 2 дахин том бөгөөд бүжиглэгч нь эргэн тойрноо багны нээлттэй амаар хардаг байсан гэнэ.Харин Манзширийн хийдийн цамын багны ар талыг үргэлж хиймэл үсээр бүрхэн урладаг байжээ.Ийнхүү монгол урчууд уран сайхны хэтрүүлгийг ашиглан баг дүрсийг маш бодитой чадмаг үйлдэж байсан нь цамын бүжигт дүрийг илэрхийлэх нэгэн гол хэрэглэгдхүүн болох цамын багийн хөгжилтөнд оруулсан чухал хувь нэмэр болно.