Мутрын тэмдэг

Мутрын тэмдэг нь хувцас өмсгөлийн салшгүй нэгэн хэсэг болохынхоо сацуу догшид, бурхадын гүйцэтгэх зан үйл билэгдлийг тодотгон харуулах бөгөөд маш олон зүйл байна. Үүнд:

  • жад, илд, сүх, нум сум, гох, хадамгаа, алх, хадуур, заазуур, дэгээ, хутга, ташуур, зандан шийдэм, сэрээ, гадас, зэрэг дайсан зэтгэрийг тасдагч мэс, очир, чагжа, хорол эрдэнэ, цэцэг, эрих, бива, бадар аяга, хүрд, хонх, дамар, дулдуй, шүхэр (дүг), цалам, жалцан, бойпор, дэвүүр (аяив), судар, титэм, гавал, эрдэнээр дүүрэн таваг, эрдэнийн зүйлээр бөөлжигч хулгана, удвал, бумба зэрэг зүйлүүдийг таван өнгийн хив хадгаар барьж цамнадаг.

Догшид тэргүүтэн хийгээд тэдний нөхөд сэлт нь бурханы номлолд заасны дагуу мутрын тэмдгийг барих бөгөөд мутрын тэмдэг нь дээр өгүүлсэн олон төрөл зүйл байхаас гадна тус бүрдээ билэгдэлт, утга учиртай байна.Жишээ болгон заримыг дурдвал:

  • Хонх - Үүсэл хөдлөлийн эх.Энгийн чихний сонсох чадлаас давсны билэгдэл, хоосон чанарын илэрхийлэл
  • Сэлэм - Би хэмээн баримтлах сэтгэлийг таслах хүч, шуналыг таслагч гэгээн ухааны билэгдэл
  • Гавал - Цусаар дүүрсэн байх ба амьдралын хүч нэмэн олгох, хүчтэнийг сөхрөөн дарахын билэгдэл
  • Дамар - Юм 2 талтайг үзүүлэхийн билэгдэл