Жамбалдорж хэмээх хүн чулуун хөшөө

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нэгдүгээр багийн нутаг, Дулаан хайрхан уулын өвөр, Ар хадаргантайн эх, Хуурай улаан хадны амны энгэрт орших өндөрлөг дэвсгэр дээр баруунаас зүүнш сунаж тогтсон ханан хадны төв голын урагшаа харсан нэгэн жижгэвтэр хонгилд оршиж байна.

Нутгийн өвгөд хуучин энэ газрыг Хүн чулууны энгэр гэж нэрэлдэг байсан гэх бөгөөд 1990-ээд оноос хойш шашин номын үйл ажиллагаа чөлөөтэй болсноор Жамбалдорж бурхан хэмээн шүтэж, зул хүж өргөж, идээ цайны дээжээр мялаах болжээ. Хонгилын үүд чанх урагшаа харсан, 170 см өндөр, оройгоороо 38 см, ёроолоор 90 см өргөн,

доторх хөндий орон зай 60-120 см хэмжээтэй. Хүн чулууны зөвхөн нүүр хэсэг ил харагдах бөгөөд нүд, чих, хамар, ам, хацар шанааг тодорхой дүрсэлсэн байв. Хүний нүд хамрыг нэг үргэлжилсэн шугамаар гаргасан бөгөөд толгойд өмссөн шовгор оройтой ховил гарган тодорхой харуулжээ. Хонгил дотор хүн чулууг байрлуулахдаа хөмгийн шалыг тэгшлэн доор нь суурь болгон дунджаар 50 см урт, 15 см өргөн, 10 см орчим зузаан хавтгай хадыг 3-4 үе дөрвөлжлөн засаж хийсэн тавцан дээр байрлуулжээ. Саарал өнгийн боржин чулуугаар үйлдсэн бөгөөд толгой цээж үргэлж, бүсэлхийнээс дооших хэсэг хугарч алга болжээ.

 Хүний нүүр монголжуу төрхийн, өргөн шанаатай, жижиг дугуй нүдтэй, унжуу урт хамартай, сахал үс мэдэгдэхгүй. Хэмжээ нь 71 см өндөр, 25 см өргөн, 25 см зузаан. Цээжинд хоёр жижиг зэрэгцээ товгор гаргаж хөх дүрсэлснээс үзвэл нүцгэн байгаа бололтой. Хүний гэдэс яльгүй цүзгэр, хоёр гарыг гэдэсний өмнө хүйсэн тушаа авч ямар нэгэн сав барьсанаар дүрсэлсэн нь маш элэгдэж мөлийсөн байжээ. Хүний биеийн ерөнхий харьцаа, сахалгүй, хөх дүрсэлснээс үзвэл эмэгтэй хүнийг дүрсэлсэн бололтой. Хонгил ба түүний урд буй удган мод хоёрын яг гол дунд өвсөн дунд хэсэг чулуун өрлөг, дөрвөлжин хэлбэртэй, баруунаас зүүнш 116 см, хойноос урагш 94 см хэмжээтэй. Дөрвөлжин хашлагийн дотор зүүн талд нь нэгэн дугуй хэлбэртэй чулуу цухуйх бөгөөд хугархай хүн чулууны доод биеийн хэсэг анхны байдлаар газарт булаатай байна. Дулаанхайрхан уулын өвөрт орших энэхүү хүн чулууг урьд өмнө эрдэмтэд үзэж тодорхойлж байгаагүй бөгөөд ерөнхий хийц дүрслэл ба зохион байгуулалтаас үзэхэд 6-8-аар зууны үеийн Түрэгийн хаант улсын үед холбогдох тахилын онгоны дурсгал бололтой.[Эрдэнэбат, Батбаяр, 2008]