Өвөрхангай аймаг, Бат-өлзий сум Тэмээн чулууны амны буган хөшөө

Буган хөшөө бол Монгол болон Төв Азийн нутаг дэвсгэр дээр хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгийн түүх соёлын гайхамшигтай дурсгалын нэг билээ.

“Гонзгой урт чулууг засч, гурав зааглан, оройн хэсэгт нар сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт сүрэг бугыг загварчилсан байдалтайгаар ихэд сүрлэг сийлж, доогуур нь бүс татан зэр зэвсгийг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг буган хөшөө”[1] хэмээн нэрлэдэг. “Буган хөшөөг эрдэмтэд 100 гаруй жилийн тэртээгээс судалж 700 гаруй орчим буган хөшөөг олж илрүүлснээс 550 гаруй нь Монгол нутгаас, Өвөр Байгалийн нутгаас 20 гаруй, Саян Алтайгаас 20 орчим, Уулын Алтайгаас 60 орчим, Казакстан,

Дундад Азиас 20 орчим, баруун тийш Оренбург муж, Кавказ, Украин, Эльба гол хүртэл нийт 10 гаруй олджээ”[2].  Буган хөшөө дунджаар  1-4 м өндөр, 20-40 см зузаан, 30-80 см өргөн хэмжээтэй бөгөөд түүнийг үйлдэхэд зураг, сийлбэр, уран баримлын аргуудыг хослуулан ашигласан байдаг.Буган хөшөөг эрдэмтэд судалж хэлбэр төрхийн хувьд үндсэн гурван төрөлд хуваадаг. Үүнд:

1.Монгол-Өвөр Байгалийн бугын загварчилсан дүрст буган хөшөө

2.Саян-Алтайн амьтдын бодит дүрст буган хөшөө

3. Ази-Европын амьтны дүрсгүй буган хөшөө хэмээн хуваадаг.

Эхний төрөлд хамаарах буган хөшөө тооны хувьд хамгийн олон байдаг бөгөөд манай орны Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Булган, Хэнтий аймгуудын газар нутагаар тархсан. Хоёр дахь төрлийн буган хөшөө нь Монгол улсын баруун талын Увс, Хөвсгөл, Ховд, Баян-өлгий аймгуудын нутагт илүү тархсан байдаг. Буган хөшөөний гуравдахь төрөл болох буга болон амьтдын дүрсгүй, харин нар сар, зэр зэвсэг, бүс зэргийг дүрсэлсэн хөшөө Монгол улсын баруун аймгуудын нутгаар цөөвтөр тархсан байдаг.

Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутагт орших Тэмээн чулууны амны 2-р буган  хөшөө нь Хархорум музейн үзмэрт хадгалагдаж буй бөгөөд дүрслэлийн хувьд 4-5 бугыг тэнгэр өөд цойлж байгаагаар, нурууг дагуулан эврийг угалзруулан сунгасан байдалтай загварчлан дүрсэлсэн. Хөшөөг боржин чулуугаар үйлдсэн бөгөөд нэг талын өргөн хэсэгт бугын дүрс, түүний доор гурвалжин дүрс бүхий бүс, ар талд таван өнцөгт бамбай зэрэг дүрсийг товойлгон дүрсэлсэн сонгодог хэлбэрийн буган хөшөө юм. Уг буган  хөшөөний өндөр нь 2 метр, өргөн нь 70 см, зузаан нь 23 см. Энэхүү Тэмээн чулууны аманд орших гурван буган хөшөө нь дөрвөлжин булш, хиргисүүртэй хамт хойноос урагшаа 1100 метр үргэлжилсэн цогцолбор байдлаар оршиж байдаг.

Буган хөшөө тал хөндий, уулын ам бэл, жижиг уул толгойн орой дээр ганц нэгээрээ буюу хэд хэдээрээ бүр арав хориороо ч тохиолдох ба мөн хиргисүүр, дөрвөлжин булшны дэргэд тэдний гадаад хана, булангийн хөшөө болгож босгосон байхаас гадна заримдаа авсны таг, хана, ёроол болгож ашигласан байдаг.

[1] Цэвээндорж.Д “Монголын археологийн судалгаа” боть-YI. УБ.,2009

[2] “Монгол улсын түүх” тэргүүн боть. УБ.,2004