Шивээ толгойн хүн чулуун хөшөө

Архангай аймгийн Хашаат сумын нутаг Шивээ толгой нь Хөшөө Цайдам дахь Билгэ хаан, Култьтегин нарын цогцолбор дурсгалаас зүүн урд зүгт 3 км зайтай оршино. Шивээ толгойн байгууламжийн урд, баруун талын хонхор болон баруун хормой бэлээр гол төлөв жижиг дугуй хэлбэрийн 70 орчим булш, толгойн орой дээрх хадан дээр янгир болон руни бичгийн үсэг мэт зарим нэг тамга тэмдэг сийлжээ.

Шивээ толгойн хүн чулуу нь хөлөөс толгой хүртэл 160 см өндөр, газарт суулгах хэсэг нь 50 см урт бөгөөд доод хэсгийг зөвхөн нарийсгах төдийхнөөр засаж янзалжээ. Хүн чулууг зүүн гараа өвдөг дээрээ тавьж,

баруун гараараа цээжиндээ хундага атган, завилан суугаа байдалтай дүрсэлжээ. Нүүрийг бодит байдалтай дүрсэлсэн бөгөөд дөлгөөн, ихэмсэг харцтай, сахалгүй, жавжиндаа инээмсэглэл тодруулсан монгол төрхтэйгээр дүрсэлсэн байна. Хүн чулууны дээлийг цэцгэн хээгээр чимэглэж, ханцуй, зах, дотуур цамц, дээлийн энгэр мэт зүйлсийг нарийн урлажээ. Олон тоног, найман унжлага бүхий агсарга бүс зүүсэн байх бөгөөд баруун ташаанд хавтага, зүүн ташаанд мөн хавтага мэт зүйл зүүжээ. Гутал нь нүүдэлчдийн хэв загвар бүхий гуталтай бололтой. Малгай нь хятад мэтийн дорно зүгийн улс орны хаад, түшмэдийн өмсдөг зулай хэсэг нь нам, ар тал нь өндөр тэр малгайтай төстэй харагдаж байна. 

Шивээ толгойн дурсгалтай ижил төстэй дурсгал Тарнын голын завилан суусан хүн чулуу бүхий дурсгал юм. Хэмжээгээр арай бага боловч дээл, хувцсан дээр сийлсэн хээ, бүс зэрэг шинжээр адил бөгөөд харамсалтай нь толгойгүй учир нүүр царай, малгайг харьцуулах боломжгүй юм.[Батсайхан, 2008, 111-113]