Монгол –Германы Хархорум экспедиц

1992 онд Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн археологичид Германы Археологийн хүрээлэнгийн Бонн дахь комисст анх удаа зочлохдоо, Хархорумд археологийн хамтарсан малталт хийх тухай санаа дэвшүүлжээ.

Германы Археологийн хүрээлэнгийн европын бус соёлын археологийн комисс өөр улс орнуудад урт хугацааны хамтарсан үйл ажиллагаа явуулж байснаас шалтгаалж хоёр талын хүсэж байсан хамтын ажиллагаа 1998 оноос л ажил хэрэг болж хэрэгжих боломжтой болов. 1997 оны намар Монгол улсын ШУА-иас Бонны монголч эрдэмтэн Клаус Загастер гуайд хандаж эртний Монголын

нийслэл Хархорум хотыг археологи-түүхийн талаар шинжлэн судлах Герман-Монголын хамтарсан төслийг санаачлахыг хүссэн билээ. Үүний дараа 1998 оны 3-р сарын сүүлчээр Монгол улсын ШУА-ийн урилгаар Бонны их сургууль ба Германы Археологийн хүрээлэнгийн эрдэмтдээс бүрдсэн баг Хархорумын эвдэрхий туурийг биечлэн үзэх ба хамтарсан судалгааны төсөл байгуулах тухай эхний гэрээ хэлэлцээрийг хийхээр монголд ирэв. Энэхүү хэлэлцээрээр хотын төв (Бонны их сургууль) ба ордны дүүрэг хэмээн нэрлэж байсан газруудад (Германы археологийн хүрээлэнгийн европын бус соёлын археологийн комисс) малталт хийхээр харилцан тохиролцсон.

Тэгээд 1998 оны 4-р сард Хархорум судлалын ажлын хэсэг Улаанбаатар хотноо байгуулагдсан нь Монгол-Германы Хархорум экспедицийн эхлэл болж Холбооны улсын ерөнхийлөгч Роман Херцогийг 1998 оны 9-р сарын 18-нд Хархорум дахь түүхийн дурсгалт газар морилон ирэх үеэр гарын үсэг зуржээ. 1999 оны 7-р сард Монгол-Германы Хархорум экспедиц Хархорум дахь бэлтгэл ажилдаа орж сорилтын эхний малталт, хэмжилтүүд ба геосоронзон хайгуул судалгаа хийсэн юм. 2000 оны зун ордны дүүрэг хэмээх газар болон хотын төв хэсэгт жинхэнэ малталт шинжилгээнийхээ ажлыг эхлүүлсэн.[Хюттель, Эрдэнэбат, 2009, 47-48]

Гарын үсэг зурах үеэр

Герман-Монголын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс 2000 оны 5-р сарын 30-нд Монгол улсын ерөнхийлөгч болон Герман улсын ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл хийж төслийг ивээлдээ авсан. Үүний хамт Монголын түүх хийгээд олон улсын археологийн салбарын хамтын ажиллагаанд энэхүү төслийн үзүүлэх өндөр ач холбогдлыг хоёр орны ерөнхийлөгч нар онцлон тэмдэглэсэн. Хамтын ажиллагаа зөвхөн судалгаа шинжилгээ төдийгүй, бас монгол болон германы оюутнуудыг сургах, давтан сургахад чиглэгдэж байв. 

Монгол-Германы Хархорум экспедицийн ерөнхий үүрэг бол эртний монголын нийслэл Хархорум хотыг Монголын Дэлхийн Эзэнт Гүрний түүх, соёлын хийгээд төв Азийн хожуу нүүдэлчдийн дундад зууны хот суурины түүхийн эх сурвалжийнх нь хувьд судлах явдал юм. Хуучин нийслэл хотын хот төлөвлөлт ба хөгжилт гэх мэт асуудлуудын зэрэгцээ эхлээд эзэнт гүрний эрх мэдлийн өргөө, засаг захиргааны төв байсаны хувьд, хожим нь (1260/67-гоос 1368 он хүртэлтөвлөрсөн ханлигийн гар үйлдвэрийн хот ба алс холын худалдааны талбар, шашин мөргөлийн төв ба улс гүрний шүтээний газар болсоны хувьд Хархорумын үүрэг, ач холбогдол хэрхэн өөрчлөгдсөн нь анхаарлын төвд байна.