Хөшөөн дэнжийн хүн чулуу

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Сарын голын зүүн эргийн Бумбат хэмээх хадтай толгойн өвөрт /Шанх бригадаас зүүн зүгт 5-6км зайтай/ буй хүн чулуут дэнжийг нутгийнхан Хөшөөн дэнж гэж нэрлэдэг. Энэ газарт өндөр хоёр босоо гозгор чулуу, газарт хэвтээ гурван урт чулуу, нэг хүн чулуу бий. Боржин чулуугаар урласан уг хөшөөний өндөр 173см, өргөн нь 40см, зузаан нь 38см.

Хүн чулууны толгойд нь өндөр оройтой малгай өмсгөн, малгай дороос шанааг даган унжсан “Хатан сүйх” хэлбэртэй зүүлт сийлсний зүүн талынх нь мэдэгдэх агаад нүүр энгэр тал нь өгөршиж элэгдсэн боловч цээжинд нь хоёр хөх төвийлгөн сийлсэн хийгээд хоёр гараараа хэвлийн өмнө хундага маягийн сав барьсан нь тодорхой ажиглагдана.

Хөшөөнд дүрсэлсэн малгайн хэлбэр зүүлт чимэг зэргээс үзэхэд XIII-XIV зууны үед Монгол эхнэрийн өмсдөг байсан богтого малгайн чимэг болох нь танигдах бөгөөд бие бялдрын ерөнхий донж байдал нь уг дурсгал эмэгтэй хүний хөшөө болохыг илтгэдэг[1]. Богтого хэмээх малгайг дундад зууны үед зөвхөн хааны хатан, хаан угсааны хүнтэй гэрэлсэн эмэгтэйчүүд өмсдөг байсан ажээ.