• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Хөндлөн булаг дахь Хархорум хотын шавар эдлэл үйлдвэрлэлийн дурсгалт газрыг хамгаалах асуудал

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын орчмоос 2005 оны хавар Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Н.Одхүү, түүний хүү О.Ангарагсүрэн нар 20 шахам шавар эдлэлийн үлдэгдэл санамсаргүй байдлаар олсоноо ШУА-н Археологийн хүрээлэнд мэдэгдэж улмаар олдворын зүйлсийг хүрээлэнгийн сан хөмрөгт шилжүүлэн өгсөн тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Шинээр илэрсэн тэдгээр цуглавар олдворын дотор Монгол орны нутаг дэвсгэрээс анх удаа олдсон харьцангуй бүтэн хадгалагдсан хүн цээжтэй, шувуун бөгстэй, далавчит амьтны сонирхолтой нэгэн босоо баримал дүрс байсан нь Монголчуудын галбинга (galbinga) хэмээн нэрлэдэг, Буддын шашны их дэлгэрэлтийг дагалдан Хятад, Япон, Тайланд, Вьетнам, Камбож зэрэг зүүн ба зүүн өмнөд Азийн орнуудад ихэд түгсэн, бурхан бодисатва нарын дэргэд тахил өргөн дуулж хөгжимдөж буй байдлаар дүрсэлдэг домгийн амьтны дүрс мөн болохыг судлаачид тогтоосон юм.

 

Эдгээр олдворууд илэрсэн дурсгалт газар бол Хархорум хотын дэвсгэр хэмээн тогтоосон бүсээс гадна оршиж буй олон арван обьектын зөвхөн нэг нь бөгөөд түүнийг 2005 оноос эхлэн ШУА-н Археологийн хүрээлэнгээс Хархорумын археологийн судалгааны ажлын хүрээнд малтан шинжлэлт, дурсгалын холбогдох он цаг, соёлын, түүхийн хамаадлыг нарийвчлан тогтоох зорилт тавьсан билээ. Гэвч мөн л манай улсын шинжлэх ухааны байгууллагад байдаг хөрөнгө санхүү, хүн хүчний хомс байдал, цаг хугацааны боломжоос шалтгаалан энэ зорилтыг даруй биелүүлж амжихгүй байв. Хархорумын археологийн судалгааны үед бид өмнөх жилүүдэд энэ газрыг гүймэг шинжин анхны ажиглалт хийхэд жил бүрийн бороо цасны усанд газрын хөрс угаагдан өнгөн хөрсөн дээр барилгын дээврийн ваар, тоосгоны хагархай ил гарч хүн, малын хөлөөр гэмтэж сүйдэх аюултай байснаас гадна Хархорин хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд энэ газар спорт цогцолборын барилга барихаар тусгасан тухай нутгийн зарим хүмүүс сэтгэл зовнин ярьж байсан юм.

Орхоны дээд урсгалын хөндий дэх эртний Монголын нийслэл Хархорумаас Уйгарын нийслэл хот Хар балгас болон хожуу үеийн нүүдэлчдийн бусад дурсгалт газруудад археологи ба түүхийн судалгаа хамтран хийх сонирхолын үүднээс, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Германы Археологийн Институтын ( DAI ) Европоос гаднах соёлын Археологийн Комисс ( KAAK) хооронд хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу Уйгарын нийслэл Хар балгаст 2009 оны зун хийх археологийн малталтын бэлтгэлийг хангах, урьд жилийн хийсэн топографийн хэмжилт, хотын нарийвчилсан дэвсгэр зургийг боловсруулах зэрэг ажлыг үргэлжлүүлэх далимд МУИС-ийн НШУС-ийн Археологи–Антропологийн ангийн оюутны хээрийн дадлагын ажлын хүрээнд, Монгол-Германы Хархорум төслийн Германы талын удирдагч, Германы Археологийн Хүрээлэнгийн профессор Х.Г.Хүттель бүх талаар дэмжин тусласнаар доктор У.Эрдэнэбат, эрдэм шинжилгээний дэд ажилтан Т.Батбаяр нар малтлагын ажлыг удирдаж 2008 оны 08 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 05-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон голын баруун биед санамсаргүй байдлаар илэрч мэдэгдсэн археологийн үлдэгдэл бүхий газрыг шалгаж, жижиг хэмжээний сорилтын малталт хийх аргаар дурсгалын хүрээ хэмжээг тодорхойлох анхны тандах судалгаа хийсэн юм.

Дээрхи дурсгалууд нь Хархорум хотын их хэрмээс баруун урагш 3 орчим км-т, Орхон голын баруун эргээс 1 км-т, тус сумын төвийн дундуур урсах усан сувгийн хойд талд баруунаас зүүн зүгт сунасан, орчны газрын гадаргаас дээш овойж харагдах хэрмийн далан мэт нэгэн дэнж дээрээс олджээ. Тэр дэвсэг газрын дээгүүр явж үзэхэд хөрсөн дээр одоо ч тоосго, дээврийн ваар зэрэг барилгын материал ил байхын зэрэгцээ тэдгээрийн дотор барилгын шавар чимэглэл бололтой элдэв хэлбэр, дүрстэй зүйлс тэргүүтэн байхаас бус энд хэрмийн ор туурь байжээ гэж үзэхээр зүйл тохиолдсонгүй. Харин дэнжийн зүүн талын газрын хөрснөөс тал дугуй хэлбэртэй дан эгнээ бүхий тоосгон өрлөгийн оройн хэсэг цухуйн мэдэгдэхээс гадна түүнээс баруун тийш 7 метрт мөн л хөрсөн дээр урдаас хойд зүгт хандсан тоосгон өрлөгийн үлдэц мэдэгдэх нь 120 см урт хэмжээтэй байсан бөгөөд эдгээрийн хамгийн баруун талд газрын хөрсөн дээр шатсан улаан ором дүгрэг хэлбэрийг үүсгэсний тойрог нь 4 метр байлаа. Дэнжийн дээрх яг нэг шулуун чиглэлд байх тодорхой зохион байгуулалт бололтой маш сонирхолтой эдгээрийн ойр орчимд дээр дурдсанаар нүдэнд ил харагдахуйц тусгай хэрэм, байшин барилгын туурь байхгүй ба ил залгай газарт онцгойдуу байх ажээ. Газрын хөрсөн дээр мэдэгдэх тоосгон өрлөгийн хэлбэр, бүтэц, өмнө нь энэ газраас олдсон олдвор хэрэглэгдэхүүн, одоо хөрсөн дээр ил хөглөрөх зүйлс, Их Монгол Улсын нийслэлийн туурьтай ойр, хоёр уулын хооронд голын тэгш сайхан хөндийд салхины эрч хүч ямар ч саадгүйгээр байнга үлээх ил залгай дэвсэг газарт байх зэрэг газарзүй болон археологийн хэдэн шинжүүдийг харгалзвал энэ байгууламж нь эртний Монголын нийслэл болон түүнээс хожуу байгуулагдсан Эрдэнэ Зуу хийдийн үед холбогдох бүхэл бүтэн гар урлалын урлан газар байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байлаа.

Уг далан мэт дэнж нь зөв биш дөрвөлжин тавцан хэлбэрийг үүсгэх бөгөөд гүймэг харвал эртний хэрэм гэж үзэж болохоор байв. Тухайлбал, Орхон голоос эртний Хархорум, Эрдэнэ Зуу руу чиглэж явсан эрт цагийн салаалсан олон суваг үүний баруун болон хойд талаар өнгөрсөн байх төдийгүй баруун урд зүгт 100 метр орчмоос цааш хөрсөн дээр барилгын элдэв янзын хэрэглэгдэхүүнтэй эрт цагт холбогдох яг ийм овгор газрууд олон байхын зэрэгцээ хонхор хотгор газрууд ч ихтэй байхыг шууд харахад л хүний үйл ажиллагаагаар үүссэн болох нь илт мэдэгдэж байв. Тус дэнжийн хойд тал нь эрэг мэт огцом бол бусад гурван тал нь аажим налуу, тавцан хэлбэрийн дэнжийн дөрвөн талын хөвөөн дагуу явахад тэдгээрийн дээр хэд хэдэн газарт харилцан адилгүй хэмжээтэй багавтар овгорын орой хэсэг цас борооны усанд угаагдаж үйлдвэрлэлийн хаягдал бололтой тал тоосго голдуу хэрэглэгдэхүүн ил гарсан байх ба төв хэсгээр ямар ч төрлийн дурсгал үгүй эрүүл хөрстэй хоосон газар байна. Дэнжийн хойд ирмэгийн дагууд өгүүлсэн зэрэгцээ хэд хэдэн байгууламжийн тоосгон өрлөгийг хэсэг газрын хөрснөөс үл мэдэг гарснаас үзэхэд энэ газрыг эртний хэрэмт барилга гэж үзэх үндэсгүй нь тодорхой байв. Дэнжийн хойд хаяа зарим газар үерийн усаар идэгдэж жижиг хайрган чулуу бүхий байгалийн хөрс ил гарсан байх бол ирмэг нь хүн, малын хөлөөр нилээд талхлагдсаны улмаас хөрсөн дээр тоосго, дээврийн ваар зэрэг барилгын хэрэглэгдэхүүн ихээхэн хэмжээгээр ил хөглөрч байлаа. Дэнжийн дээр шарилж, халгай зэрэг эртний хот балгадын дээр заавал ургадаг ургамалан бүрхэвч ургаагүй төдийгүй эрүүл сайхан хөрстэй байсан болно.

Хэрмийн далан мэт дөрвөн талт овгорын хойд талын зүүн баруун хоёр талд хоёр хэсэг сорил талбай үүсгэж малтахаар тогтсон бөгөөд эдгээр хоёр газрын нэг нь өмнө нь “галбинга” хэмээх шавар баримал өөр бусад шавар эдлэлийн хагархайн хамт олдож байсан газар бол нөгөө нь тал дугуй хэлбэртэй тоосгон өрлөгийн хэсэг цухуйж гарсан газар болно.

2005 оны хавар Н.Одхүү шавар дүрс олсон гэдэг овгор газрыг дайруулан нийт 60 кв м газарт сорилтын малтлага хийхэд “галбинга” хэмээх шавар дүрс баримлын цээж, их бие, бөгсөн биеийн хэсгийн үлдэгдлүүд болон барилгын дээврийн чимэглэл болох тоосго, нөмрөг ба нүүр ваар, шавар аяганы ёроол, үүрэг зориулалт тодорхойгүй олон төрлийн шавар зүйлс зэрэг бүгд бүтэн бус үйлдвэрлэлийн хаягдал маягийн зүйлүүд нэг дор бөөнөөр олдсоны зэрэгцээ хэсэгхэн газарт түүхий тоосгон өрлөгийн ул мөр илэрч мэдэгдсэн нь ихээхэн эвдэрч сүйдсэн байлаа. Өрлөгийн үлдэгдэл нь булан үүсгэсэн байсан нь тэнд байшин барилга байсныг илтгэж байв.Эндээс олдсон олон төрлийн биет олдворыг ажиглахад, үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн бус, гологдол маягийн зүйлүүд бололтой байсан бөгөөд байшингийн булангийн тоосгон зохион байгуулалт зэргээс үзэхэд энд Хархорумын барилга байгууламжийг чимэглэх гар урчуудын суурин эсвэл тийм гар урлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад гологдол болсон хог хаягдлыг авчирч асгадаг хогийн үлдэц байсан бололтой.

Дэнжийн зүүн талын орой дээр газрын хөрснөөс цухуйж гарсан тал дугуй хэлбэртэй тоосгон өрлөгийг оруулж нийт 94 м.кв талбайд сорилт малтлага хийхэд баруунаас зүүн зүгт нэг эгнээ байрласан зэрэгцээ гурван зуух илэрч гарав. Сорил малтлагын талбайд санамсаргүй тохиолдлоор хоёр зуухны ханы талд, нэг зуух бүтэн багтаж орсны бүгдийнх нь дотор талд дүүрсэн хурдас шороог үечлэн малтаж шаланд нь хүргэн зохион байгуулалтыг үзэхэд, гадаад зохион байгуулалтын хувьд эдгээр гурван зуух баруунаас зүүн зүгт чиглэлтэй нэгэн шулуунд бөөр бөөрөөрөө нийлж зэрэгцэн орших төдийгүй бүгдийнх нь гадна ханыг түүхий тоосгоор үйлдсэн байв. Гурван зуухны араар, амсраас 60 см орчим зайд, 60-70 см өргөн хэмжээтэй шороо дагтаршуулан дэлдэж хийсэн шавар хана зуух бүрийг халхалсан байсныг араараа нэгэн үргэлж шавар ханатай байжээ гэж үзсэн. Дотоод зохион байгуулалтын хувьд эдгээр зуух нь шатаасан тоосгоор доторлосон ханатай, бүгд нэгэн ижил түвшний газар шалтай байсан ба бүтэн малтан судалсан нэг зуухны аман хэсгийн дотор талаас галын ул мөр болох модны шатсан зузаан нүүрс их хэмжээгээр гарсан төдийгүй шатаж хайлсан тоосго, дутуу шатсан мөчир нилээд олдсон нь энэ хэсэг гал түлэх зориулалттай байсныг гэрчилнэ. Бүтэн гарсан зуухны хана туургын өрлөг, хэлбэр бүтэцтэй тал нь хэсэг нь илэрсэн хоёр зуухны ханыг харьцуулж үзвэл тэдгээр зуух ч бас түүнтэй адилхан хэлбэртэй болох нь илэрхий байв. Зэрэгцээ гурван зуухыг зүүн талаас эхлэн дугаарлаж тус бүрд нь товч тодорхойлбол:

Нэгдүгээр зуух. Малтлагын зүсэлийн зүүн ханаас зуухны ханын тал цухуйн гарсан бөгөөд ихээхэн эвдэрч сүйдсэн төдийгүй өрлөгийн үлдэж хоцорсон хэсэг муу хадгалагдсан байлаа. Хана нь ерөнхийдөө хагас дугуй хэлбэртэй ба зуухны баруун болон хойд ханын үлдэгдэл мөн байв. Зуухны баруун хана дундаасаа урагш тоногдож үгүй болж тал үлдсэн байхын урт нь 140 см, шалнаас амсар хүртэл 11 давхар тоосго үлдсэн байхын өндөр нь 76 см хэмжээтэй байсан бол хойд хана мөн ихээхэн эвдэрч баруун ханатай нийлэх булангаараа хэсэгхэн өрлөг хадгалагджээ. Энэ талын эвдэрхий ханын урд нь булангаас бүтэн үлдсэн үзүүр хүртэл 100 см, шалнаас амсар хүртэл 10 давхар тоосготой ханы өндөр нь 76 см.

Хоёрдугаар зуух. 1-р зуухны чанх баруун талд, 3-р зуухны чанх зүүн талд буюу зэрэгцэж байрлах гурван зуухны голын зуух бөгөөд бүтэн малтаж гаргасан юм. Зуух нь ерөнхийдөө зөв биш дугуй хэлбэртэй буюу хойд хана нь дундуураа гадагшаа үл мэдэг нумраад хоёр буланд нийлэх хэсэгтээ дугуйрч нөгөө талын ханатай нийлэх ба зүүн баруун хоёр талын хана зуухны ам орчимд хүрэхэд огцом дугуйрсан байв. Энэ нь бамбай мэт хэлбэртэй адилтгаж болмоор байсан. Уг зуухны гурван талын хана харилцан адилгүй хадгалагдсан байлаа. Зуухны дотор амсрын тойрог нь 240х236 см, хамгийн өндөр хадгалагдсан хэсгийн шалнаас амсар хүртэлх өндөр нь 105 см хэмжээтэй байсан. Зуух нь зүүн хатавчаас урагш илүү гарсан үүдэвч маягийн тоосгон ханы үлдэгдэлтэй байсны өндөр нь 60 см, урт нь 63 см хэмжээтэй байлаа. Зуухны баруун хатавчнаас урагш үргэлжилсэн ийм ханын үлдэц гэмээр зүйл огт гараагүй ба тоногдож үгүй болсон бололтой.

Гуравдугаар зуух. Малтлагын зүсэлтийн баруун ханаас зуухны ханы тал цухуйж гарсан ба эвдэрч гэмтээгүй бүтэн хадгалагджээ. Ханын тоосгыг өрж үйлдсэн арга барил ба хэлбэр нь 1 ба 2-р зуухтай ижил бөгөөд зуухны зүүн болон хойд хана мөн байна. Энэ зуухны дурдсан хоёр ханыг бүтэн малтаж гаргаагүй учраас хэмжээг тодорхойлох боломжгүй байсан ба зөвхөн шалнаас амсар хүртэлх өндөр нь 100 см хэмжээтэй байв.

Гуравдугаар зуухны баруун талд, газрын хөрсөн дээрхи дүгрэг хэлбэртэй шатсан ором, нэгдүгээр зуухны зүүн талд шатаж хайлсан хэдэн тоосго тодорхой хэлбэр үүсгэсэн мэт анхаарал татаж байсан боловч тандах судалгааг энэ удаад хийгээгүй ч тэдгээр нь малтан илрүүлсэн зуухтай яг харалдаа нэг чиглэлд орших төдийгүй хэлбэрийн хувьд ижил төстэй байгаагаас үзэхэд зуух байж болохоор байна. Тиймээс судалгаагаар олдсон гурван зуухаас гадна эндээс нэг юмуу хоёр зуух нэмж илрэх нь гарцаагүй байна.

1 ба 2-р зуухны харалдаа урд талд малтлагын урд ханаас овоорч дарагдсан тоосгоны бөөгнөрөл 3х1 м хэмжээтэй газарт цухуйж гарсны ихэнх нь шатаагүй түүхий тоосгоны үлдэгдлүүд байсан нь үйлдвэрлэлийн бэлдэц болох нь илэрхий байлаа. Энэ нь уг байгууламжуудыг барилгын хэрэглэгдэхүүн шатааж боловсруулдаг зуух байсныг харуулах нэгэн гэрч баримт болж байна.

Дээр өгүүлсэн хоёр талбайн дунд талд, өөр нэг сорилтын жижиг малтлага хийсэн билээ. Энд газрын хөрсөн дээр анх шатсан улаан жижиг дугуй ором үл мэдэг ялгарч байсныг багтаан нийт 12м2 талбай үүсгэн сорилтын малтлага судалгаа явуулахад гурван зуухтай гадаад ханын ерөнхий зохион байгуулалтаараа ижил боловч хэлбэр, хэмжээ, дотоод зохион байгуулалтаараа огт өөр өвөрмөц сонин нэгэн зуух нэмж олдлоо. Энэ зуухны гадна болон дотроос үйлдвэрлэл явуулж байсны ул мөрийг хадгалсан дээр нь цэнхэр болон цагаан паалан дуссан тоосгоны хагархай, хэдэн төрлийн шавар эдлэл, шатааж боловсруулалт хийхээр бэлдэж овоолон тавьсан шавар бэлдэц хийгээд өд сөд товойлгон урлаж, гадуур нь гялалзсан ногоон өнгийн шаазангаар пааландсан “галбинга” хэмээх домгийн шувууны жигүүр зэрэг олдсон нь эрдэм шинжилгээний хувьд онцгой ач холбогдолтой олдвор боллоо. Тэрхүү зуухыг өмнөх хэдэн зуухнаас үргэлжлүүлэн дугаарлаж товч тодорхойлбол:

Дөрөвдүгээр зуух. Дүгрэг хэлбэртэй, хана нь хойд хэсэгтээ нарийхан сэтэрхийтэй ба тэр нь зуухны ам бололтой. Ам нь хойд зүгт ханджээ. Зүүн хатавч ба бөөрөн хэсэг хооронд хана нь дээд талаараа эвдэрч үгүй болж хаяаны өрлөг анхны байрлалаараа үлдсэн байхаас биш бүтэн хадгалагджээ. Зуухны гадна ба дотор тал эрс ондоо аж. Дотор талыг шатаасан тоосгоор өрж гадныг нь бүхэлд нь өнгөлж шаварджээ. Ханын шаваасын одоогийн өнгө цайвар шаргал. Зузаан нь 1-2 мм. Хөрс шороонд олон жил дарагдсанаас болж шороо, чийг нөлөөлж ийм өнгөтэй болсон бололтой. Уг өнгө нь цагаан байсан бололтой. Ханы шаваас зарим газарт холцорч унаж цаанаас нь өрлөг ил гарчээ. Дотор ханы гадуур шатаж улаан өнгөтэй болсон шороон хөрс дугуйрснаас үзэхэд гадна талдаа түүхий шавар ханатай байсан бололтой. Зуухны ханы хамгийн өндөр хадгалагдан үлдсэн хэсэг нь 56 см, хоёр хананы дотор эрмэг хоорондох тойрог 156 см, хананы зузаан 12-14 см тус тус хэмжээтэй.

Урьд өмнөх жилүүдэд Хархорумыг малтан шинжилсэн судалгааны хэрэглэгдэхүүнүүдээс үзэхэд бидний шинээр илрүүлэн олсон зуухтай бүтэц зохион байгуулалтыг нь харьцуулж үзэх зуухнууд гарч байсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал 2000 оны зун Монгол-Германы Хархорум экспедицийн хийсэн археологийн малтлагаар хотын их хэрмийн баруун урд хэсгээс барилгын материал, тоосго, дээврийн олон төрлийн ваар үйлдвэрлэж байсны биет гэрч болох гэрийн хана мэт дүгрэг хэлбэрт тоосгон зуух 4-ийг илрүүлж олсон нь үнэтэй чухал олдвор болсон билээ. Их Монгол улсын нийслэл Хархорум хотын тууриас баруун урагш 3 км–т Орхон голын баруун эргээс холгүй орших нэгэн овгор дээр гурван хэсэг газар нийтдээ 166 м2 талбайд малтлага хийсний үр дүнд Монголын дундад зууны түүхийг шинэ сэргэг баримтаар баяжуулахуйц олдвор хэрэглэгдэхүүн илэрсэн болох нь дээр дурьдсан зүйлээс тодорхой байна. Тухайлбал Хархорумын барилга байгууламжыг чимэглэх гар урчуудын нэгэн сууц энд байсныг түүний орчмоос нэг дор бөөнөөр олдсон Галбинга хэмээх шавар дүрс барималын цээж биеийн хэсгийн үлдэгдлүүд барилгын дээврийн чимэглэл болох тосгуур нөмрөг ваар, нүүр ваар олон төрлийн шавар эдлэл зэрэг бүгд бүтэн бус үйлдвэрлэлийн хаягдал маягын зүйлүүд төдийгүй үүнээс холгүй олдсон барилгын материал шатаах зуухнууд гэрчилж байна. Дэнжийн дунд болон зүүн талд дээр хийсэн сорилт малтлагаар энэ газарт барилгын тоосго дээврийн ваар үйлдвэрлэн боловруулж байсын гэрч баримт болох бамбай мэт хэлбэртэй зэрэгцэж байсан гурван ижил зуух, түүнчлэн барилгын чимэглэл шатаах, будаж пааландах зэрэг илүү нарийн үйлдвэрлэл явуулж байсны ул мөрийг хадгалсан дүгрэг хэлбэртэй нэг зуух нийт дөрвөн зуух олдсон нь тухайн эрин үеийн үйлдвэрлэлийн цар хүрээг илчлэх ховор үнэт дурсгал төдийгүй Монголын хот суурины судалгаанд онцгой ач холбогдолтой олдвор хэрэглэгдэхүүн олж байна. Эдгээр зуухнууд оршин буй газарзүйн байрлал нь Хархорум, Эрдэнэ Зуу хийдтэй ойролцоо байгаагаас Хархорумыг бүтээн байгуулж байсан 13-р зууны эхэн хагаст он цагийн хувьд холбон үзэж болмоор санагдана. Мөн түүнчлэн эдгээр зуухны заримын дотор ба гадна хажуу болон ойролцоогоос олдсон олон арван шавар олдвор хэрэглэгдэхүүнүүд нь Хархорумаас олдсон ийм төрлийн олдвортой ижил төслөг байгаа явдал нь он цагийн баримжааг баталж өгч байна. Ойрын жилүүдэд манай судалгааны ангийхан энд суурин малтлага явуулж дурсгалыг дэлгэрүүлж судлах зорилго тавьж байгаа бөгөөд ингэснээр Хархорум төдийгүй хот суурины судалгаанд чухал хувь нэмэр оруулах үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Ховор үнэт уг дурсгал оршин байгаа газар бол Хархорин сумын төвийн гэр хорооллын яг дэргэд орчин үеийн усжуулалтын сувгийн ойр хүн ба мал байнга холхих газар тул уг дурсгал сүйдэж үгүй болох аюултай байгаагаас гадна Хархорин хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд спорт цогцолборын барига барихаар тусгагдсан гэдгийг зарим нутгийн иргэд сэтгэл зовнин ярьж байсан юм. Иймээс дэлхийн өвийн /ЮНЕСКО/ жагсаалтад бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх соёлын цогцолбор дурсгалт газарт гарцаагүй орох энэхүү дурсгалыг тухайн орон нутгийн мэргэжлийн байгууллага болон холбогдох албан тушаалтан нэн даруй улсын буюу орон нутгийн хамгаалалтад авч хамгаалалтын бүс тогтоох шаардлагатай байна. Эс бөгөөс энэ бүс нутгаас эртний түүх соёлын чухал дурсгалууд удаа дараа илэрч гол төлөв хэлмэгдэн сүйдэж байсан гашуун түүх давтагдах аюул тулгараад буйг энд зориуд тэмдэглэмээр байна.

У.Эрдэнэбат, Т.Батбаяр

ЗОЧИН

1070140
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
60
182
60
8500
1070140
Таны IP: 54.196.47.145
Server Time: 2018-04-23 04:14:46

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • IMG_2445.JPG
  • b4.jpg
  • zoos-2.jpg
  • IMG_0587.JPG
  • staff-c1.jpg
  • top of the tuvkhun.jpg
  • edu16may 5.JPG
  • IMG_3535.JPG
  • a6.jpg
  • eh hel11.jpg
  • 17-r shilen horgo 1.JPG
  • IMG_0573.JPG
  • tsoo.jpg
  • eh hel8.jpg
  • bugan hoshoo.jpg
  • DSC01910.JPG
  • edu16may 6.JPG
  • IMG_0717.JPG
  • IMG_5639.JPG
  • IMG_9789.jpg
  • ssss.jpg
  • bugd.jpg
  • Image 38.jpg
  • IMG_0669.JPG
  • Picture7.png
  • chuluun zevseg.jpg
  • 20161103_143103.jpg
  • img_8741.jpg
  • dugui11.jpg
  • IMG_0680.JPG
  • eh hel17.jpg
  • arigboh-2.jpg
  • edu16may 4.JPG
  • DSC02088.JPG
  • temporary1.jpg
  • jambal-2.jpg
  • IMG_3337.JPG
  • tsetserleg12.jpg
  • IMG_0666.JPG
  • Copy 2 of DSC02231.JPG
  • melhii3.jpg
  • tsetserleg1.jpg
  • valley1.jpg
  • eh hel13.jpg
  • moilt.jpg
  • ertnii uy.jpg
  • IMG_0574.JPG
  • DSC02240.JPG
  • IMG_0670.JPG
  • tsetserleg13.jpg
  • 0280.jpg
  • IMG_7182.JPG
  • eh hel3.jpg
  • eh hel10.jpg
  • hoovon.jpg
  • tsahim museum copy.png
  • melhii4.jpg
  • arigboh-12.jpg
  • a3.jpg
  • hatan.jpg
  • edu16may 3.JPG
  • IMG_5340.JPG
  • IMG_6343.JPG
  • a7.jpg
  • tur uzesgelen.jpg
  • IMG_7350.JPG
  • museum schem 2014.jpg
  • dugui7.jpg
  • b5.jpg
  • IMG_5720.JPG
  • tsetserleg4.jpg
  • galbinga-2.jpg
  • 02 Kharkhorin museum.jpg
  • tsetserleg6.jpg
  • tamga.jpg
  • aa.jpg
  • 6-r shilen horgo 2.JPG
  • IMG_0664.JPG
  • arigboh-1.jpg
  • internet_real.png
  • amga.jpg
  • orkhonbook.jpg
  • dugui5.jpg
  • 6.jpg
  • img_1781.jpg
  • IMG_2200.JPG
  • IMG_5343.JPG
  • IMG_20120624_121832.jpg
  • IMG_9788.jpg
  • cam00109.jpg
  • tsetserleg7.jpg
  • cam00131.jpg
  • b2.JPG
  • b3.jpg
  •   .png
  • IMG_0713.jpg
  • lllllllllllllllllllllllllllllllll.jpg
  • eh hel6.jpg
  • banner.jpg
  • IMG_5321.JPG

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:    Тасалбарын үнэ /Ticket price:                        Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

 

Өвөл /Winter (X/1-IV/30

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

 

Зураг дарах /photo    

15000

 

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

      Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Б.Дэжидмаа Утас:99145544

Нягтлан бодогч- Ц.Чимэд Утас:70327810, 96040028

ЭША-ны ахлах ажилтан- Ж.Цамбагарав Утас:88006144

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808