Хархорумын Буддын сүмийн малтлага

Оросын археологич Сергей Киселев Монголын ууган археологич Х.Пэрлээ нарын удирдсан Монгол Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги 1948-1949 оны хооронд Эрдэнэ зуу хийдийн хойд талд Хархорум хотын туурийг хэсэгчлэн малтах

явцдаа уг хотын баруун өмнөд хэсэгт орших нэгэн их танхимын туурийг 1335-1336 онд байгуулагдсан гэгддэг Түмэн амгалант ордны бараалхлын танхим гэж тогтоожээ. Энэ дүгнэлтийг Вилхьхельм Фон Рубрукын бичсэн ордны тухай тодорхойлолт мөн шинжилгээний ангийн малтлагын үр дүн зэрэгт тулгуурлан гаргасан байна. Харин 1999 оноос эхэлсэн Монгол Германы хамтарсан шинжилгээний ангийн малтлагын явцад их

танхимийн барилга нь бүхэлдээ бурханы шашины эд зүйлээр чимэглэгдсэн төдийгүй дор хаяж нэг удаа засварлагдсан бурханы шашины томоохон хийд болохыг малтлагаар илэрсэн олдворуудаар мөн Хархорумын 1-р монгол бичээст хөшөөн дээр тэмдэглэгдсэн 300 тохой өндөр, 5 давхар Буддын сүмийг мөн гэж баталж байгаа юм. Уг малтлагаар 100 мянга гаруй цац, хэдэн арван том, жижиг шавар бурхад тэдгээрийн хэлтэрхийнүүд олдсон байна. Язгуурын таван бурхан болох Важразана, Акшобя, Амитаба, Амогасидди, Раднасамбава зэрэг нь тухайн үед Хархорумын урлалын гол сэдэв болж байжээ. 

Их танхимаас олдсон баримлууд зөвхөн тэдгээр бурхадыг дүрсэлсэн байх бөгөөд олон янзын хөрөг дүр бүхий зохиомжын гол төвд давхар лянхуа суурь дээр зогссон хоёр бодисадваг дөрөвний гурван хэмээр хажуулдсан байдлаар дүрсэлсний нэг нь Лянхуа баригч Жанрайсиг, нөгөө нь нарийн тодорхойлох боломжгүй бодисадва байх агаад уран зургийн холбогдох дэг жаягаас үзвэл, Манзушири бололтой байдаг байна. Ихэнх баримлаас өчүүхэн хугархайнуудыг л малтан гаргаж авч чадсан ба ялангуяа хавтгай суурь нь танигдахгүй болтлоо эвдэрсэн байх нь элбэг олджээ. Гэхдээ бурханы хөрөг дүрслэлд гарцаагүй хамаарах хавтгай баримлын цөөн хэдэн хагархай болон зарим хавтгай баримлын хийц загварыг үндэс болгон тэдгээр товойлгон урласан дүрснүүд нь уран зурагтай нэгэн адил бурханы хөрөг дүрслэлийн нэгэн загварт, зарчмын хувьд зохиомжийн нэг ижил дэг жаягт хамаарч буйг тогтоосон байна. Хөрөг дүрийг хавтгай суурин дээр жижигрүүлэн товойлгож урласан, Түүнчлэн сэнтийдээ заларсан Бурхан, хоёр талд заларч буй бодисадва гурвыг голд нь байрлуулж, хязгаарласан зэрэг нь зургийн хэмжээг багасгасан болон зургийн зориулалт өөр байснаас шалтгаалжээ. Хархорумын товойлгон урласан баримлуудыг тааруулж хийсэн дөрвөлжин хүрээнд тохируулж зургийн хэмжээг хязгаарлажээ. Бүх хавтгай баримлын хэмжээ ижил байгаагаас эмжсэн хүрээ буюу тайрмал дөрвөлж хэрэглэж байжээ гэж үзэж болохоор байна. Мөн цаашлаад мушгиралдсан буржгар үс (үснэр) зовхио буулгаж, бараг аньсан нүд, дээд уруулаа жимийсэн ам, шамтавын уяа зэрэг нь яах аргагүй бурхан, бодисадвагийн барималынх болохыг тодорхой харуулдаг байна.

Уг малтлагаар олдсон асар том гэдэстэй байсан гэмээр чихний гуравны нэгээс дооших хэсгийн хэлтэрхийгээс үзэхэд таван метрээс дээш өндөртэй бурханы том баримлууд бас байсан болов уу гэж үзэж байна. Мөн хамрын хугархайнууд дээр тулгуурлан хэмжээс гаргахад найман том Бурханы баримал байсныг нотолж байгаа юм. Нүдний хэсгүүд, хэдэн зуугаар тоологдох гар, хөлийн хурууны хэсгүүд нь үүнээс ч олон баримал байсныг баталж байна.

*Чингис хаан ба түүний залгамжлагчид