Төвхөн хийд

Хархорум музей нь ДӨ-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар орших биет болон биет бус соёлын өвийг цуглуулах, хадгалах, судлан шинжлэх, сурталчилах, боловсрол олгох чиг үүрэгтэй байгуулагдсан.

Энэхүү зорилгын хүрээнд бид Орхоны хөндий дэх Дэлхийн өвд бүртгэгдсэн томоохон 5 дурсгалын нэг болох Төвхөн хийдийн талаар танилцуулж байна. Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Г.Занабазар 1648 онд 14 настайдаа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс 15 км зайд орших Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх ой модоор хүрээлэгдсэн асга хадтай, байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонгож, 1651 онд бясалгал үйлдэх

чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийгээ “Дубхан” буюу бүтээлийн сүм хэмээн нэрлэжээ. Энэ үг сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна. Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг хайрлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ. Хийдийн дэргэд 2 худаг байдаг бөгөөд баруун худгийг ундны ус, зүүн худгийг угаалгын ус гэнэ. Энэ 2 худгаас анхдугаар Богд цайны ус болон угаал үйлдэх усаа авч байжээ. Баруун хойд талын хаданд Өндөр гэгээний бясалгалын агуй, түүний зүүн талд ном, судар агуулах агуй байдаг. Түүний баруун хойд хаданд Өндөр гэгээн өөрийн монгол гутлын мөр /38 сантиметр/, гарын алганы мөрөө үлдээсэн байна. Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч зэрэг 14 сүм дугантай байв. Хийдийн арын 20-иод метр өндөр эгц хадны дээд талд хүн гулсаж ороод эргэж буцаж гардаг “Эхийн хэвлий” нэртэй жижиг хонгил бий. Энэ хонгил руу нэг удаа мөлхөж ороод эрэгтэй хүн бол баруун тийш, эмэгтэй хүн бол зүүн тийш буцаж эргээд мөлхөн гарахад тэр хүн эхээс төрсөн мэт ариусдаг. Түүний баруун гар талд хүн зогсоогоороо таардаг “Өлгий” хэмээх ухмал хад бий. Дээш авиран гарахад хоёр овоо байх бөгөөд эрэгтэй хүн баруун талын овоог эргэнэ. Харин эмэгтэй хүн зүүн талын овоог тойрдог ёстой ажээ. Түүнээс гадна хийдийн эргэн тойронд Өндөр гэгээний амарч суудаг байсан суудал, морины уяа гэгдэх холбоо хоёр мод, нүдний рашаан зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд бий. Халх Ойрадын дайн самуунаас хойш тус хийд бараг эзгүйрэн орхигдож байгаад 1773 оноос хурал номын ажлыг нь тогтмол болгон сэргээжээ. Хожим Эрдэнэ Зуугийн цорж лам Балганшадбидоржundefinedоос хойш 1939 он хүртэл Сайн ноён хан аймгийн гол хүрээ болох Уянгын хүрээний лам нар ээлжлэн ирж хурал хурдаг байжээ. 1967 онд хийдийн барилгад хэмжилт, зураглал хийж, өмнө талын нурсан чулууг засаж цэгцлэн явган хүн явах хуучин жимийг сэргээжээ. Энэ хийдийн барилгыг Монгол мужааны аргаар оньсны олон төрлийг ашиглан углуургадан хийснээрээ онцлог юм. Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтанд авч, хурал номын ажлыг нь эхлүүлсэн. 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон юм