Хархорум музей сайн дурын ажилтантай боллоо

Хархорум музей сумын ард иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, шинэ мэдлэг олж авах, соёлын өвийг олон нийтэд сурталчлах зорилгоор музейд өөрийн дур сонирхолоор ажиллах ажилтан элсүүлэх үйл ажиллагаа зохион байгуулав. 

Сайн дурын ажилчид нь цалин хөлсгүйгээр зөвхөн өөрсдийн хүсэл, сонирхол, чөлөөт цагтаа тулгуурлан музейн тайлбарлагч хийх юм.

Сайн дурын ажилтанг 3-р сарын 20-ноос 3-р сарын 28-ны хооронд бүртгэн авсан. Хүмүүсээ чадваржуулах үүднээс 3-р сарын 21-нээс 4-р сарын 19-ний хооронд  “Музейн хөтөч тайлбарлагч”-ийн ур чадвар олгох сургалтанд хамруулж хичээл заасан юм. Хичээлээр:

- Музейн тайлбарлагч гэж хэн бэ?

- Тайлбарлагч хүний зан чанар, ур чадвар, техник

- Музейн үзүүллэг, үзэсгэлэнгийн тухай

- Монголын түүхийн тухай мэдвэл зохих мэдлэгүүдийг зааж, 14 хоног дадлага хийв.

 

Хөтөч тайлбарлагчийн сургалт, дадлага хичээлийг Хархорум музейн эрдэм шинжилгээний ажилчид явуулав.

Анх хичээлд 25 хүн хамрагдсанаас 7 хүнийг сайн дурын ажилтнаар ажиллуулхаар боллоо. Сайн дурын ажилчдын анхны тайлбар нь “Мөнгөн хонхны баяр”-аа тэмдэглэж буй сургуулийн сурагчид тэдний эцэг эхчүүдэд тайлбарлах явдал байлаа.

Жил бүр 5 дугаар сард ЕБС-ийн төгсөх ангийнхны “Мөнгөн хонхны баяр” болж өнгөрдөг билээ. Энэ жил 5-р сарын 9-нд болсон. Уг баярын өдрөөр Хархорум музейг сургууль гэж андуурам форм, парчигтай сурагчдаар дүүрч хөл гишгэх зайгүй шахам болдог. Сайн дурынхан маань сурагчид, тэдний эцэг эхчүүдэд музейн үзүүллэгийг тайлбарлан хүргэж өөрсдийн сурсан мэдсэнээ дадлагаар баталлаа.  Тэдний тайлбарыг сонсоход огтхон ч сандарч түгдэрэлгүй тайлбарлан асуусан асуултанд бүрэн дүүрэн хариулж байв. Ажил тарах үед тэднээс тайлбар хийх ямар байсан тухай асуухад “хүмүүс дуу алдан бишрэн сонсох тэр үе хамгийн сайхан байлаа”, Мэдэхгүй зүйлийн талаар асуувал яана гэж дотроо бодсон ч өнөөдрийн хувьд ийм явдал гарсангүй гэж урам зоригоор дүүрэн хариулж байв.

Ямартай ч сайн дурынхан маань музейн тайлбарлагч гэдэг бол цаг ямагт өөрсдийгөө шинэ мэдээ, мэдлэгээр цэнэглэж үйлчлүүлэгчийн асуух олон асуултанд оновчтой хариу өгдөг лавлах юм байна гэдгийг ойлгосон.

Энэхүү ажил нь үзэгч, жуулчид их ирдэг зуны ачаалал ихтэй үед музейн тайлбарлагчдын ажлыг хөнгөвчилсөн, үзэгч бүрт хүрч үйлчилсэн үр дүнтэй ажил болж байгаа юм.