Боловсрол, танин мэдэхүйн хөгжүүлэх хөтөлбөр

Хархорум музей нь Боловсрол, танин мэдэхүйн ажлын хүрээнд орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудад соёлын өвийн боловсрол олгох ажлыг Монгол тоглоом наадгай, Мөнх тэнгэрийн босоо бичиг, XIII зуун ба Хархорум, Зөөврийн музей хөтөлбөрөөр дамжуулан олгохоор орон нутгийн боловсролын байгууллагуудтай хамтран “Боловсрол, танин мэдэхүйн хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Монгол улсын боловсролын сургалтын цөм хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна.

 

“XIII зуун ба Хархорум хөтөлбөр”-ийн хүрээнд ЕБС-ийн түүхийн хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практикаар бататгах мөн онол, практик хосолсон сургалтыг музейд явуулахаар ЕБС-ийн түүхийн багш нартай хамтран “Хархорумын амьд түүх” экскурс сургалтыг зохион байгуулав. Экскурс сургалтыг ЕБС-ийн 6-7 дугаар ангийн 2 бүлгийн 6 хичээлийн “Нүүдэлчдийн хүчирхэгжилт Монголчуудын анхны төр улс Хүннү”, “Монгол нутаг дахь Түрэг угсааны улсууд-Уйгур”, “Өгэдэй хаан Монголын их гүрнийг байгуулсан нь”, “Гүюг, Мөнх хаад Монголын агуу гүрнийг захирсан нь”,“Монгол нутаг дахь Түрэг угсааны улсууд-Түрэг”, “Эзэнт гүрний нийслэл Хархорум хот” зэрэг сэдвийн дор тус тус  зохион байгуулав. Сургалтанд Хархорум сумын 3 сургуулийн 6-7 дугаар ангийн нийт 187 сурагчийг хамруулан амжилттай зохион байгууллаа.