“Хархорины өв соёл” телевизийн цуврал нэвтрүүлэг

Орон нутгийн иргэдэд соёлын өвийн боловсрол олгох, шинэ мэдлэг мэдээлэл түгээх, соёлын өвийг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, музейн үүрэг, үндсэн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хархорум музей нь Хархорум телевизтэй хамтран “Хархорины өв соёл” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэхээр төлөвлөсөн.

Цуврал нэвтрүүлгийн эхний дугаарыг Хархорум музей, Япон улсын Нара их сургууль хамтран 2015-2016 онд тус тус хэрэгжүүлсэн “Соёлын өвийг ашиглах хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, орон нутгийг  хөгжүүлэх” төслийн үр дүнгээр бэлтгэн сар шинээр Хархорин сумын иргэддээ өргөн барив.

 Нэвтрүүлэгт төсөлд оролцогч 30 иргэний төлөөлөл болгон Орхон багийн иргэн     Ц.Хишигжаргал, Эрдэнэ толгой багийн иргэн Д.Оюун, Жалбаа багийн иргэн Р.Тэгшжаргал нарыг урьж тэдний хийсэн судалгаа, сүү, цагаан идээ, арьс шир боловсруулах арга технологи, төслийн үр дүн, ач холбогдлын талаар ярилцлаа. Иргэд төслийн үр дүнг “Бидэнд түүх соёлоо судлан сурталчилах, өв уламжлалаа сэргээн хэрэглээ болгох арга замаар амьжиргаагаа дээшлүүлэх, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бүрэн байна” хэмээн дүгнэж байв.

Бид цаашид “Хархорины өв соёл” нэвтрүүлгийн үргэлжлэл болгон “Нутгийн  урчууд”,  “Өвлөн уламжлагчид”, “Амьд түүх” сэдэвт нэвтрүүлэгүүдийг иргэддээ хүргэхээр ажиллаж байна.