Эртний нүүдэлчдийн нууцлагдсан өв

Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүхийн хүрээлэн, Казахстан Улсын Астана хотын Л.Н.Гумилёвийн нэрэмжит Евроазийн их сургуулийн судлаачид хамтран 2011 оны зун Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрэмийн Шороон бумбагар хэмээх газарт археологийн малтлага судалгаа явуулж Түрэгийн хаант улсын /VII зуун/ үед холбогдох язгууртны бунхан нээн илрүүлсэн. Энэхүү дурсгалаас илэрсэн модон эдлэлийг бэхжүүлэх, сэргээн засварлах, бунхны ханын зургийг гэрэл зургаар мэргэжлийн түвшинд баримтжуулах, судалгааны эх хэрэглэгдэхүүн болгох, олон нийтэд сурталчлах, танилцуулах төслийг Япон улсын Сумитомо сангийн санхүүжилтээр 2013 оны 03 сараас 2014 оны 02 сар хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлж Хархорум музейн үзэсгэлэнгийн танхимд “ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН НУУЦЛАГДСАН ӨВ” үзэсгэлэнг олон нийтэд толилуулахад бэлэн болоод байна.

 

“ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН НУУЦЛАГДСАН ӨВ” үзэсгэлэнд Улаан хэрэмийн Шороон бумбагар бунхнаас илэрсэн алтан чимэглэлүүд, шавар хүн, амьтад, хуягтай морь, модон болон даавуу торгон эдлэлүүдээс гадна 40 гаруй биет дүрслэгдсэн ханын зургийг хэвлүүлэн бунханд орж буй мэтээр дэглэн үзүүлж байна. Үзэсгэлэн 2014 оны 05-р сарын 18-ны өдрөөс 12-р сарын 25-ны өдөр хүртэл Хархорум музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй дэглэгдлээ.

Та бүхнийг талын морьтон дайчдын өв соёлын гайхамшигаар аялан саатсанд баярлалаа.