“Оюунтүлхүүр” түр үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ бүтээсэн соёлын өвийг ашиглан үр хүүхэд хойч үеэ сурган хүмүүжүүлж ирсэн баялаг туршлагатай бөгөөд энэ өвийн нэгээхэн хэсэг нь Монгол тоглоом наадгай юм.

Монгол тоглоом наадгай нь хүүхэд багачуудад ард түмний ахуй амьдрал, зан заншил, ёс суртахуун, байгаль юмсын тухай ойлголт өгч, хүүхдийн хэл яриа, авхаалж самбаа, оюун санааг хөгжүүлэхэд чиглэгдсэн хүмүүжил сургалтын баялаг агуулгатай байдаг.

Иймээс Хархорум музей нь Боловсрол танин мэдэхүйн “Монгол тоглоом наадгай” хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

“Монгол тоглоом наадгай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Дэлхийн Өв- Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газарт орших Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Хотонт, Хашаат сумдын иргэдийн дунд хадгалагдаж буй ховор тоглоом наадгайг сурвалжлан олох, бүртгэн баримтжуулах судалгааны ажлыг  2016 оны 04 дүгээр сард хийлээ.

Судалгаанд Хархорин сумын Ганган-Орхон, Вангийн Овоо, Эрдэнэтолгой, Орхон, Нарийн хүр, Онгоцон Ухаа, Жалбаа, Шанх гэсэн 8 багийн нийт 600 гаруй иргэд хамрагдаж 10 гаруй иргэний Зэндмэнэ, Бажий, Хорол, Оньс, Хөлөгт зэрэг тоглоом наадгайг уламжлан хадгалж байгааг нь илрүүлэв.

 

 

Хархорин сумын иргэдийн дунд явуулсан судалгааны ажлын үр дүнгээр “Оюунтүлхүүр” түр үзэсгэлэнг Хархорум музейн дэргэдэх “Уламжлалт тоглоом наадгайн төв”-д 2016 оны 06 сарын 01-07 сарын 01 хүртэл хугацаанд зохион байгуулж, ховор монгол тоглоом наадгайг гадаад дотоодын жуулчдад сурталчлан таниулж, нийтийн хүртээл болгов.

Үзэсгэлэнгийн хугацаанд нийт 1428 үзэгч үзэж сонирхсон бөгөөд дунджаар үзэгчдийн саатан үзэх хугацаа 30-60 минутаар уртассан. Нийт үзэгчдийн 68% нь  гадаад, 32% нь монгол  үзэгч байв.