"Зэндмэнэ" түр үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа

 

Монгол үндэстний бие, хэл, сэтгэлээрээ туурвиж хөгжүүлсэн хэдэн мянган тоглоом наадмын тогтолцоо, ардын билиг зүйн гоц төрөл, гайхамшигт өв бол Монгол тоглоом наадгай билээ. Монгол тоглоом наадгай нь хүүхэд багачуудад ард түмний ахуй амьдрал, зан заншил, ёс суртахуун, байгаль юмсын тухай ойлголт өгч, хүүхдийн хэл яриа, авхаалж самбаа, оюун санааг хөгжүүлэхэд чиглэгдсэн хүмүүжил сургалтын баялаг агуулгатай байдаг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хархорум музей нь Боловсрол танин мэдэхүйн “Монгол тоглоом наадгай” хөгжүүлэх хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

 

 

 

“Монгол тоглоом наадгай” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн Өв-Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт газарт орших Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Хотонт, Хашаат сумдын иргэдийн дунд хадгалагдаж буй ховордсон монгол тоглоом наадгайг сурвалжлан олох, бүртгэн баримтжуулах судалгааны ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж “Оюунтүлхүүр” үзэсгэлэнгээр дамжуулж нийтийн хүртээл болгосон билээ. 2017 оны 04-05 саруудад Хужирт сумын нутаг дэвсгэрт Соёлын өвийн хайгуул судалгааны ажлыг зохион байгуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хужирт сумын 10 албан байгууллага 5 багийн 450 гаруй иргэдэээс түүврийн аргаар авсан судалгаагаар 20 гаруй иргэн, 30 гаруй ховордсон монгол тоглоом болох Зэндмэнэ, Бажий, Оньс, Хөлөгт тоглоомуудыг өвлөн уламжилж байгааг нь илрүүлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Судалгааны ажлын үр дүнгээр “Зэндмэнэ” түр үзэсгэлэнг дэглэж Хархорум музейн дэргэдэх “Уламжлалт тоглоом наадгайн төв”-д 2017 оны 06 сарын 05-07 сарын 25 хүртэл хугацаанд зохион байгуулж, ховордсон монгол тоглоом наадгайг гадаад дотоодын жуулчдад сурталчлан таниулж, нийтийн хүртээл болгов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Түр үзэсгэлэнгийн бүтэц

1. Уламжлал тоглоом наадгайн төвийн монгол тоглоомын хэсэг

2. Ховордсон монгол тоглоомын хэсэг

3. “Мөнх тэнгэрийн босоо бичиг мину” монгол уран бичлэгийн үзэсгэлэн

4. Чөлөөт булан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үзэсгэлэнг нийт 1620 хүн үзэж сонирхсон байна. Үүнээс /42%/, гадаад 946 /58%/ жуулчид байв. Нийт үзэгчдийн 58%-ийг гадаадын жуулчид эзэлж байгаагийн дотор Франц, Герман, Америк, Англи, Японы жуулчид дийлэнх нь байлаа.

 

 

 

Цаашид ховордсон монгол тоглоом наадгайн үзэсгэлэнгийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үзэгч, хөтөч тайлбарлагч нарын сэтгэгдлийг санал хүсэлтийн дэвтэрт бичүүлж авсан юм.

Үзэгчдээс хамгийн их гарсан саналууд:

  • "Монголын өв соёл, мартагдаж буй эдгээр тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлж улам олон хүүхэд залуус тоглодог болгоосой”
  • “Үндэсний өв соёлын тоглоомоо өвлүүлэн сургаж сурталчилж буй Хархорум музейн хамт олонд талархсанаа илэрхийлье Хойшдоо улам өргөжүүлж байнгын болговол сайхан санагдав”
  • “Монгол үндэсний тоглоом ямар ухаалаг, утга төгөлдөр байдгийг энэ музейг үзээд улам ухаарлаа. Үр хүүхдүүддээ PC, Tablet, Smart Phone биш энэ сайхан монгол тоглоомуудыг зааж, тоглуулж өсгөх хэрэгтэй юм байна”
  • “Зарж байгаа тоглоомуудын төрлүүдийг улам олшруулбал олон хүн худалдан авч, монгол тоглоомын өв соёл улам дэлгэрэх болов уу?”
  • “Монгол тоглоомууд энгийн мөртлөө маш их сонирхолтой юм. Оньсон тоглоом болон шагайн тоглоомоор тоглоход үнэхээр хөгжилтэй байлаа”
  • “Уламжлалт ардын тоглоом үзүүлж зааж өгсөнд маш их баярлалаа”
  • “Бүх Монголчууд эдгээр тоглоом наадгайгаа хэрэглэдэг болбол ирээдүй хойчид маань оюун ухаан задлах, логик сэтгэлгээ сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм гэжсанагдлаа”
  • “Энэ гэрт байгаа үзэсгэлэнг үзээд их сэтгэл хөдөллөө. Цаашид улам олон ховордсон тоглоом наадгайн үзэсгэлэн гаргаарай”
  • “Монгол үндэсний уламжлалт өв соёл, тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлж таниулж буйд сэтгэл хангалуун байна. Танай хамт олонд амжилт хүсье”
  • “Хархорум музейн дэргэдэх монгол тоглоом наадгайгаар тоглож, уламжлал болсон үүх түүх, ёс заншлаа мэдэж, мэдэрч, сурсандаа баяртай байна” зэрэг саналуудыг үлдээсэн байв.