Араб үсэгтэй мөнгөн зоос

Хархорум хотын бууринд хийсэн малтлагаар 600 орчим зоос олдож эдгээр нь бүс нутаг, улс төр, эдийн засгийн түүхийн бие даасан эх сурвалж болж буй юм. Хархорум бол эдийн засгийн хятад маягийн бүтэцтэй хот байсан тул өдөр тутмын энгийн гүйлгээнд хятад зоос хэрэглэдэг байв.

Ийм зоосыг цутгаж хийгээд голд нь буй дөрвөлжин нүхийг тойруулан дөрвөн хятад ханз дүрсэлдэг байлаа. Эдгээрээс хоёр нь үргэлж шахуу нянхао буюу ихэвчлэн хаан эзний хаанчлалын нийт хугацаанд эсвэл тодорхой нэгэн үед нь зориулан аз жаргал ерөөсөн, улс төрийн утга бүхий нэр болох оны цолыг илэрхийлж байжээ. Нөгөө хоёр ханз нь хүчин төгөлдөр болж гүйлгээнд орсон тухайн зоосны нэр болох тунбао, юаньбао, чунбао гэх зэрэг үг аж.