Хархорум хотын тууриас илэрсэн дөрвөлжин үсэгтэй тамга

Зэсийн хайлшаар цутгаж хийсэн албан тамга. Их бие дөрвөлжин, бариул трапец маягийн дээш нарийссан хэлбэртэй. “Сангийн яамны сайдын тамгалах тамга” хэмээн тамганы уланд дөрвөлжин бичгээр, тамганы дээр бариулын баруун талд хятад ханзаар сийлэн бичжээ. Тамгыг Аюуширидар хааны төр барьсаны хоёрдугаар оны гуравдугаар сард олгосон тухай хятад ханзаар бариулын баруун талд бичсэн нь 1372 онд холбогдох юм. Уг тамга Монгол Германы хамтарсан судалгааны багийн 2001 онд Хархорум хотын туурьд хийсэн малтлагаар илэрсэн.

 

Аюуширидара хаан өөрийн эцэг Тогоонтөмөр хааныг өөд болсны дараа 1370 онд Инчанд Умард Юань улсыг захирах эрхийг уламжлан авсан. Тэр жилдээ Мин улсын цэрэг Инчан руу довтлоход Монголчууд хүчин мөхөстөн Аюуширидара хаан цөөн хэдэн дагуулын хамт Хархорумд ирээд таалал  буюу 1378 оны 4 дүгээр эсвэл 5 дугаар сар хүртэл Ар Юань улсын төрийн эрх барьжээ.