ШААЗАН АРСЛАН

ШААЗАН АРСЛАН

 Нарийн ширхэгтэй цагаан шавраар хийж, цэнхэр туяа бүхий тунгалаг паалан гүйлгэсэн чинбай хийцийн шаазан эдлэл. Цаг хугацааны хувьд Сүн улс эсвэл Юань гүрний үед холбогдоно. Монгол Германы хамтарсан “Хархорум” судалгааны баг 2003 онд Хархорум хотын тууриас нээн илрүүлсэн.

 Арсланг тавцан дээр суугаад туузаар ороосон бөмбөгийг баруун савраараа даран толгойгоо өргөж, баруун мөрөө давуулан харсан, хүзүүнд нь тасмаар ороосон хонх зүүлттэй, туузны үзүүрийг шилэн хүзүүн дээр нь томоор гогцоолдон зангидсан өндөр тавцан дээр суусан байдлаар дүрсэлжээ. Сууринд нь 4 жижиг хөл гаргасан байна.

 

Ийм арсланг угтаа хосоор нь урладаг бөгөөд зүүн талынхыг ихэвчлэн бөмбөг дарсанаар баруун талынхыг зулзагаа хөхүүлж буйгаар дүрсэлдэг уламжлалтай. Арслан бэлгэдэх бэлгэдэл баруун Азиас нэвтэрсэн бөгөөд Ойрхи Дорнодод арслан нь сүр хүчийг илтгэдэг бол Энэтхэгт аюул осол, муу зүйлээс сэргийлэн хамгаалах сахиус, амьтан ажээ.