БАГА ЭРЭЭНИЙ ХҮН ЧУЛУУ

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг сумын төвөөс зүүн урагш 30 км зайтай Бага Эрээн уулын зүүн урд үзүүрт, Сарын голын баруун биед энэ дурсгал оршино. Үүнийг Бага Эрээний дурсгал гэж эрдэм шинжилгээний ном зохиолд тэмдэглэж иржээ.

 Толгой нь хойд зүгт харсан байрлалтай унамал хүн чулуу. Гонзгой хэлбэрийн хуудаслаг, зөөлөвтөр хар занар чулуун дээр нүд хамар,  хацар, эрүү, сахлыг товойлгон  нилээд тодорхой  гаргасан боловч гар болон биеийн бусад эрхтэнг гаргаагүй ажээ.

 Уг хөшөө чулууг босгож тавибал бороо цас орж, тэнгэр муухайрдаг гэсэн домгийг нутгийнхан ярьдаг. Дурсгалыг бүтээхэд шингээсэн оюун санаа түүнд хадгалагдах эзотери нь дахин давтагдашгүй бөгөөд тухайн газар нутаглаж байгалийн үр өгөөжийг нь хүртэж буй ард түмэнд л хамааралтай үзэгдэл юм.

 1989 онд доктор Д. Баяраар ахлуулсан хээрийн шинжилгээний анги анх уг хүн чулууг судлан шинжилж хийц загварыг нь үндэслэн Түрэгийн үед холбогдуусан байна.