Музейн танилцуулга

Монгол улсын Засгийн газрын 2009 оны 271-р тогтоолоор Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Их Монгол улсын нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хархорум музей байгуулагдав. Музейн барилгыг Япон улсын Засгийн газрын соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд барьж, музейн дотор гадна тохижилт, зам тавих ажлыг Монгол улсын Засгийн газар хариуцан гүйцэтгэж, байнгын ашиглалтанд хүлээлгэн өгснөөр 2011 оны 6-р сарын 04-нд албан ёсны нээлтээ хийв.

Байнгын үзэсгэлэнгийн танхимд Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, Эртний улсуудын үе, Их Монгол улсын үед холбогдох үнэт ховор үзмэр, түр үзэсгэлэнгийн танхимд Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрэмийн Шороон бумбагар бунхнаас илэрсэн олдворыг шинэ шийдэлтэйгээр дэглэсэн ба гадна үзэсгэлэнгийн талбайд "Монголын уламжлалт тоглоом наадгайн төв" байгуулан, хүүхэд залуучуудад боловсрол олгох үйл ажиллагаа явуулж байна.