Хархорум музейд хэрэгжсэн төсөл

                           Хархорум музейд хэрэгжсэн төсөл

Та бүхэнд Япон улсын Сумитомо сангийн санхүүжилтээр 2012-2013, 2013-2014 онд Хархорум музейд хэрэгжүүлсэн 2 үе шаттай “Соёлын өвийг сэргээн засварлах, хадгалах хамгаалах” төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулж байна.

   

Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрэмийн Шороон бумбагарын бунхант оршуулга нь /МЭ VII зуун/ Түрэгийн үед холбогдох бөгөөд хосгүй үнэ цэнэт олдвортой ханын зураг бүхий асар том байгууламж юм. Бунхант булшнаас илэрсэн дурсгалууд 1000 гаруй жил газрын хөрсөн дор хадгалагдсан учир энгийн нөхцөлд маш хурдан муудах аюул тулгараад байсан юм.

Иймд Улаан хэрэмийн Шороон бумбагарыг малтан судалсан Монголын эрдэмтэд, Хархорум музей хамтран 2012 ондтус бунхант булшнаас илэрсэн олдворыг сэргээн засварлах, хадгалах, хамгалах төсөл бичиж, Япон улсын Сумитомо санд илгээснээр 2 үе шаттай хэрэгжих төслийн санхүүжилтийн дэмжлэг авч, олдворыг цаг алдалгүй сэргээн засварлаж, хамгаалан авч үлдэж чадсан юм. Хархорум музейн баг хамт олон уг төслийг чанарын өндөр түвшинд, богино хугацаанд хийх зорилт тавин ажилласны хүчинд 2012 оны 10-р дугаар сарын 1-нд амжилттай хэрэгжүүлж дууссан билээ. Уг төсөл 15000 $-ийн санхүүжилтээр хэрэгжсэн.

 Төсөл үндсэн 3 чиглэлээр хэрэгжлээ. Үүнд:

1.    Сэргээн засварлалт

2.    Хадгалалт сайжруулалт

3.    Бүртгэн баримтжуулалт

Сэргээн засварлалт

            Сэргээн засварлах төлөвлөгөөний дагуу тус хугацаанд Соёлын өвийн төвийн ахлах сэргээн засварлагч С.Чинзориг ахлагчтай баг нийт 556тооны үзмэрийг сэргээв. Материалын төрлөөр нь ангилвал:

·         Металл эдлэл -350ш

·         Зоос -43ш

·         Модон эдлэл -39ш

·         Даавуу эдлэл -7ш

·         Шавар эдлэл -116 ш

·            Яс- 1ш  тус бүр сэргээн засварлалаа

Хадгалалт хамгаалалт

Сэргээн засварлагдсан олдворуудыг цаашид урт удаан хугацаанд найдвартай хадгалахын тулд шавар баримал, алт, мөнгөн эдлэл, зоос, даавуун эдлэл тус бүрээр ялган төрөлжүүлж, зориулалтын модон хайрцагт хийж хадгалав. Шавар барималд 24 ширхэг, алт, мөнгөн эдлэлд 3 ширхэг, хамгаалагч амьтны барималд 2 ширхэг, хамгаалагч баатард 2 ширхэг, зоосонд 1 ширхэг, даавуун эдлэлд 1 ширхэг хайрцаг тус тус хийв. 

2013-2014 оны төсөл

1 дэх шатны төсөл хэрэгжсэний дараа бунхант булшны ханын зургийг гэрэл зургаар баримтжуулах, зарим модон эдлэлийг сэргээн засварлах төслийг 2012 оны сүүлээр Хархорум музей санаачлан боловсруулж, Япон улсын Сумитомо санд илгээснээр уг сангийн санхүүжилтээр модон эдлэлийг сэргээн засварлах, ханын зургийг мэргэжлийн түвшинд авч баримтжуулах ажлыг 2013 оны 5 дугаар сараас хэрэгжүүлсэн юм.

Бунхант булшны ханын зургийн гэрэл зургийг мэргэжлийн түвшинд авч баримтжуулах ажлыг Хархорум музейн захирал Г.Нарангэрэл, программист сүлжээний инженер Батмөнх, археологич Ж.Цамбагарав, эрдэм шинжилгээний ажилтан Б.Дэжидмаа, Соёлын өвийн төвийн захирал Б.Энхбат, програмист Б.Алтансүх, Япон улсын иргэн Алтан гадас одонт гэрэл зурагчин Тэрүзоү Сүгияам нарын бүрэлдхүүнтэй баг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны дотор гүйцэтгэсэн. Мөн 90 гаруй модон эдлэлээс сэргээн засварлагдаагүй үлдсэн 54 ширхэг олдворыг сэргээн засварлах,бунхант булшны виртуал турыг боловсруулах ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлсэн.

Төслийн үр дүнд Хархорум музей, Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэн хамтран бунхант булшны олдворуудаар “Эртний нүүдэлчдийн Урлагийн галерей” түр үзэсгэлэнг 2012 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав. Мөн 2013 оны 05 дугаар сарын 1-ээс 01 сар хүртэл Хархорум музейн түр үзэсгэлэнгийн танхимд “Эртний нүүдэлчдийн нууцлагдсан өв” үзэсгэлэнг зохион байгуулж бунхант булшны олдворыг иж бүрнээр нь сурталчлав. Ийнхүү Япон улсын Сумитомо сангийн санхүүгийн дэмжлэгээр 1,2 дугаар  үе шатны төслийн ажил амжилттай хэрэгжиж дуусав.

Дашрамд дурдахад Монголын эртний нүүдэлчдийн оршуулгын зан үйл, ахуйн соёлыг харуулсан гайхамшигт дурсгалыг хамгаалахад санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлсэн  Япон улсын Сумитомо сан болон сэргээн засварлалтыг гүйцэтгэхэд хамтран ажилласан Монгол улсын Соёлын өвийн төв бусад байгууллага хамт олон, та бүхэнд талархал илэрхийлье.

Төслийн хэрэгжилтийн явцын тухай танилцуулгыг Хархорум  музей өөрийн санхүүжилтээр хэвлүүлж олон нийтэд сурталчлаад байна.